Monday, April 28, 2014

Манайх гэдэг их айл

Нэгэн удаа зүрхээ чагнан суусаар зүүрмэглэлээ. Таван ханатай гэрийн хойморт тооноор тусах нарны гэрэлтэй ханьсан байтал агуу аялалын хөлөг онгоц минь болох зүүд нойрны ахуйд уусан оров. Бодлын хурдаар тээвэрлэгч зүүд минь энэ удаа намайг Үржинхандын ариун орноо авчирчээ.
Үржин богдын өлмийд мөргөх завшаан олдсон тэр мөчийг буман дагинасаар гэрчлүүлж үлдээлээ би тод оюундаа. Юмыг яаж мэдэх вэ? Асралт сэтгэл төрөхөд ашиглах ч юм билүү. Арга тасарсан үед аврал болгох ч юм билүү.
Одоо би сэрээд салшгүй амтат энэ зүүдээ орчлонгийн бусад үзэгдлийн адил дурсамж хоосны ангал руу алдах боловч Үржин гэрийнхээ нэг гишүүн болчихвол үнэний ахуйд гэртэйгээ мөнх холбоотой байна гэж сэтгэлээ. Ийнхүү сэтгээд би малгай тавьсан л бол манайх гэдэг санааг хатуу барьж энэ ирсэн орноо аймшиггүйгээр гэрээ хэмээн нэрлэлээ.
Орчлонд дэмий бэдрэх нэгнийг олж асраад авчирч болно гэж тэндхийн бурхад зөвшөөрлөө. Хамаг амьтан бүгдээр ирэвч хангалттай зай манайд бий гэж тэд тайлбарлалаа. Угаасаа бүгд л энэ гэрээс гарч яваад оршихуйд тардаг, хэдий хол аялсан ч цагаа болхоор бүгд эндээ цуглана гэж нэмж захилаа.
Хутагт Үржингийн орноо ирэх түлхүүр үзэл юу вэ хэмээн асуулаа. Тойрсон олон бурхад нэгэн дуугаар "Хайрын сэтгэлийг хамаг амьтан дор тэгш сэтгэлээр барих нь үзэсгэлэнт энэ гэрийн тань үүд хаалга мөн" хэмээн хэллээ.
Сахиус бурхадад өргөсөн сэржим, дээжүүд дэлхийн тал бүрээс энэ оронд ирж цуглах тул улаан хүрэн өнгийн дарс мөнхийн бялхсан идээ ундаа нь болдог ажээ.
Эн тэнцүү биесээ хүндлэх арван зургаан насны дүрээр залрагч ханд дагинас нь эгнэн ургасан цэцэгс дундаас шид хувирлаар төрж энэ орондоо ирсэн ажээ.
Үржин гэрийн хойд хаалга руу очмоор санагдлаа. Үржин гэрт морилон буй Дамдинбазар багшийгаа даган очтол дайтахаас өөр ажил хийж үзээгүй, махнаас өөр хоол идэж байгаагүй хөх Монголын олон арван өвгөдийг Жамсран бурхан дагуулсаар Майдар бурханы мэдэлд хүлээлгэн өгч байв. Майдар бурхан хөөрхий өвөг дээдсүүдийг маань уучиллаар угааж, цэцэгнээс төрүүлж, арван зургаа настай нүд нь гэрэлтсэн сахиусан тэнгэрийн биет болгоод мөнхийн амьдралд нь залж байлаа.
Тооноор туссан нар нүүрэнд ирж тусахад гэрэлд гялбан сэрлээ.
Ай агуу их гүрү багшийн оронд очсондоо баясан мөргөмүү. Ерөөсөө Гүрү багш бүр өөрийн гэсэн орныг бүтээх ажээ. Тэр орнуудаар очих бүр өөрийнхөө гэрийг хэмээн тунхаглаж байя. Ашиглаж байя. Зүүдээр очсон байсан ч яах вэ? Сэрүүндээ тархиар гэрчлэх, зүүдэндээ зүрхээрээ гэрчлэх ялгаагүй ээ.
Үржин оронд очсноо бодоод интернэтэд орж газрын зургийн "Гүүгл ээрт" программ руу орлоо. Үржин богд Бадамжунайн 7-р зуунд төрсөн нутаг болох Удияана орон буюу одоогийн Кашмир мужид анхаарлаа хандууллаа. Тэнд Кашмир болон Төвдийн хил дамнан орших Пан Гон нуур оршдог билээ. Энэ нуур эрт цагт Ма Пан гэдэг нэртэй байсныг нутгийн нэг хөгшнөөс сонсож байсан билээ. Бадамжунай багшийг төрүүлсэн нуур учраас л Ма цолтой байсан байх гэж би боддог. Энэ л нуурын дээрхи огторгуйд Үржинхандын орон байгаа хэмээн тогтоолоо.
Одоогоос 300 гаруй жилийн өмнө Монголоос Жагар Молом гэдэг лам кашмирт очиж жод лүйжингийн ном сурч ирсэн байдаг. Тэр буцах замдаа Пан Гон нуурын хажуугийн уулын оройд хоноглоод өглөө дагинасын цувааг харжээ. Тэрээр хамгийн сүүлийн дагиныг цочоож хашгирснаас тэр дагина барьж явсан алтан ганлингаа /бүрээ/ алдаж, тэр нь Моломын олз болжээ. Тэр алтан ганлин тухайн үеийнхээ Монголын нэг эрдэнэ хэмээгдэж байсан түүхтэй аж.

No comments:

Post a Comment