Wednesday, April 30, 2014

Бодолтой харьцаж сурах нь

Бодол орчлонг урлан бүтээж байдаг. Бодлууд цуглаад ирхээрээ сэтгэл гэдэг зүйлийг бий болгоно. Тиймээс бодол бурханлагийн үндэс мөн буг чөтгөрийн ч үндэс болдог. Бодлын чанадад халих юм бол оршихуйн чанадад мөн хальж буй хэрэг. Бодол бүхнийг үүсгэгч энерги тул үүсэшгүй усташгүй тиймээс бодлууд биднээс тусдаа бодьгалууд. Бидний мөн чанар бас үүсэшгүй усташгүй бөгөөд оршхуйтайгаа эн чацуу байдаг тиймд бодлууд ч бас бидэнтэй эн чацуу юм. Хүн биеээс биед хувилж төрдөг тул гэнэн байдаг.       Харин бодлууд бодол хэвээрээ байх учир олон сая жилийн арга заль, хүч чадлаар баяжигдсан байдаг. Бодол бидний хувьд хүний хүн гэсэн үг. Тиймээс зан нь хэзээ ч хувирч мэднэ. Бурханлаг бодол, албин бодол хоёр нь орчны л ялгаа. Тиймд аль алинд нь өндөр ач холбогдол өгөөд хэрэггүй.
    Ажиглалтаас үзэхэд бодол үргэлж хэн нэгнээс өө хайж, эвгүй хатгасан санаа сэдүүлж явдаг эсвэл энэ санаагаа хэзээ ил гаргах вэ хэмээн боломжийг анаж хүлээж байдаг хий амьтан юм. Ямар орчинд ямар бодлууд байх нь ойлгомжтой байдаг. 
Сүм хийдэд буяны бодлууд баарцаглаж байдаг бол зах зээл дээр ашиг олох, шулах бодол сүрэглэж байдаг. Ямар нэг ажлын орчинд үед тухайн ажлыг дэмжсэн бодлууд хүнийг бүчиж авдаг.
     Тухайн хүн ажлынхаа тал дээр юу хүссэн нь биелэж ч болно. Гэтэл цаг цагаараа байдгүй хувьслын хууль үйлчилж орчин нөхцөл өөрчлөгдөхөд бодлууд идэвхийлэлээр өлсөж ундаасч бас уйдаж тухайн хүнийг орхин хаяж одно. Тэгээд өнөөх хүний бодлын орон зайг нь гутаранги бодлууд болон эсэргүүцэх бодлууд эзлэн авдаг. Ингээд хүн өөрөө мэдэлгүй гутранги болон үл хүлээн зөвшөөрөх бодолыг тэжээж эхлэдэг. Иймээс хүн оршихуйг үзэн ядаж байсан ул мөрийг хувь заяандаа үлдээж байдаг. энэ ул мөр хойчийн нэг үйлийн үр байдлаар илэрдэг. Энэ бол хүсэшгүй боловч анзааралгүй хийгддэг хүний нэг алдаа юм.
   Идэвхийлэл бол бодлын зэвсэг. Идэвхийлэлд баригдвал хүн дотоод энергиэ алдаж зовж шаналах болно. Бодлын идэвхийллийн зэвсгийн эсрэг хүн төрөлхтөний гаргаж ирсэн зэвсэг бол зохирол юм. Зохирол бол хүн ямар орчинд бүрдхийг анхаарч байгаад тэр орчны бодлыг тэнд нь хэрэглээд хаях үзэгдэл юм.   Зохирлоор бүхнийг хийхэд үйлийн үр үүсдэггүй.   
   Үйлийг нь бодол үрийг нь тухайн үеийн орчин хариуцдаг болхоор хүн ял шагнал хоёрын алинд ч хамааралгүй өнгөрдөг зарчим, зохирол дунд явагддаг.
   Ямар ч муу муухай зүйл хийсэн хүн буруугүй байдаг харин тэрхүү зүйлийг хийлгэсэн бодлууд л буруутай байдаг. Хэрэв хүнд алдаатай буруу зүйл байдаг гэвэл тэр нь ганцхан бодлуудыг анзаарч чаддаггүйн буруу л байх юм. Муу зүйл хийсэн хүн дараа нь харуусдаг. Мөн хичнээн хохирсон ч хүн нэг нэгнээ он цагийн уртад ч болов уучилдаг. Энэ нь аливааг анзаарахад цаг хугацаа орж байгааг оршихуйн бурхад хэлээд ойлгуулах гээд байгаа юм. Энэ хугацааг маш богино бүр яг одоодоо болгоод хялбаршуулбал хүн ардын амьдрал түүнийг дагаад ямар өнгөлөг болох билээ. 
    Эндээс бодолгүйн агаарыг эзэмших бясалгал төрсөн. Амьсгалаас амьсгалын хооронд үхээд шинээр төрөх, мөн алхаанаас алхааны хооронд шинээр төрөх гэх мэтээр тодорхой давтамж үүсгэх циклүүдийг ашиглах явдал юм. 
     Хэн үхэх вэ? Дурсамж, мэдрэмж, санаашрал, мөрөөдлүүд үхээд, шинээр төрөх болно. Энэ давтамж дунд бодлын нөлөө, хүч утга учраа алдаж үр дүнд нь амар амгалан ирдэг.
   Бодол орж ирэнгүүт түүний нөлөөлөлд шууд орж байдаг хүн орчноо элдэв бодлын урлан болгож, энэ нь эв хавгүй ахуйг үүсгэж байдаг. Бодолтойгоо харьцаж сурах эхний алхам бол бодлын хатгаасыг "Яах гэж?" гэсэн асуултаар хүлээн авах юм. Ийм асуулт тавих агшинд бодлууд гэнэт зогтусч мөн хүн ч өөрөө бодлыг ухамсарлах сэжүүр гарч ирдэг. Сайхан сэтгэл сайхан зантай хүн гэдэг бол аль ч гараг дээр байсан хамаагүй бодолтой зөв харьцаж бодлыг эрхэндээ байлгаж чаддаг хүнийг хэлнэ. Харин боловсрол, эрдэм, мэдлэг бол зэвсгийн чанартай зүйл юм. Хэдий өндөр боловсрол оллоо гээд аврах болон хөнөөх чадвараа нэмэгдүүлж байгаагаас цаашгүй. Бодолтой харьцаж сураагүй өндөр боловсролтон хурц хутга барьсан нялх хүүхэд мэт байдаг. Жинхэнэ хүмүүнлэг сайн сайхан сэтгэлтэй хүн эрдэнэ болох зам нь бодолтой харьцаж сурах зам мөр юм.

No comments:

Post a Comment