Monday, April 28, 2014

Ум а хум буюу гэгээрлийн томъёо

Ум хэмээх үг нь бүхэл нэг оршихуй хэмээх утгыг агуулсан шидэт авиа юм. Хамаг ертөнц мөхөхөд Ум хэмээх мөн чанартаа л шингэнэ. Хамаг ертөнц өрнөхдөө Ум хэмээх мөн чанараасаа л дэлгэрнэ. Учир нь ертөнц дэх хамаг зүйлсийн мөн чанарын нэгдэл бол Ум юм. Тиймээс иргэншил хооронд Ум л дамжин өвлөгддөг. Ямар ч галав юүлсэн дараагийн иргэншилд ганцхан Ум л дамжин ирдэг гэсэн үг. Хойшид ч ийм байх болно.
     Харин Хум нь бусдын сайн сайхны төлөө Ум-аас түр тасран гарсан хувь хүний өөрийнх нь орь ганцаараа буй дотоод мөн чанар юм. Хүний дотоод мөн чанар хүний биеийн хүрдүүдийг нэвтлэн орших гол судлыг дамнан оршино. Хум-ыг би үзэл бүчин авч үйлийн үрийн хиймэл хоосон дүрэмд захируулснаар Хум нь зорилгоо умартдаг. Хум нь агуу их оршихуйн мөн чанар болсон Ум-д нийлж нэг бүхэл ертөнц, нэг бүхэл амь болдог билээ.
         Ум буюу бүхэл оршихуй, Хум нэгж амь, эдгээр нь хоорондоо А авиа буюу амьсгалаар тусгаарлагдана.
      А авиа буюу амьсгал тасрахад Ум Хум хоёр бие биедээ нэгдэх учиртай боловч мөн чанар нь хар цагаан ачаагаа хаяагүй нөхцөлд тэр алаг ачаа нь Ум Хум хоёрын завсар тусгаарлагч болон зааглаж байгаад дараагийн А авиа буюу дараагийн амьдралыг үүсгээд байдаг. Ингээд УМ А ХУМ гэх ертөнцийн томъёолол хариугаа хүлээн бидний өмнө байсаар байдаг. Бурхад бол томъёогоо сайн ашиглаж сурсан сурагч оюутан л гэсэн үг. Тиймээс бүх бурхад өөрийн сүнс болох Хум-аа яг одоо Ум-д нэгтгэн уусгаад бүхэллэг нэг амь болон амьдарч байгаа билээ. Ертөнцийн бүх эд эсэд амьдарч байгаа гэсэн үг. Тиймээс бясалгагч хүнд Ум буюу хүрээлэн байгаа орчлон нь бүх бурхадын мөн чанарын агуу нэгдэл болдог. Харин хум нь хүний дотоодод байгаа бүх бурхадын бичил нэгдэл юм. Ийм үзлээр билгийн мэлмий нээгдэхэд бясалгагч хүн бүхнийг хайрлах бодьсадвын замд ордог. Тиймд сайн муу, сайхан муухай, нүгэл буян, бузар хийгээд ариун зүйлс гэдэг нь хоорондоо зааглаад ялгаад байх юмгүй ариун Ум-ын эд эсүүд болдог. Бясалгагч хүн бүхнийг үл ялгаварлах зан чанарыг өөртөө төлөвшүүлснээр аюулт туйлшралаас ангижирч зохирол хэмээх цэвэр ухамсарын ахуйд сэрдэг.
    Бясалгагч хүн зохирлоор бүхнийг хийх үед гадна орчиндоо ч дотоод ахуйдаа ч амирлал авчрах тул сайн муу ялгалгүй маш зоригтойгоор үйлийг хийдэг. Зохирол ухамсрын ахуйд хийсэн ямар ч үйл орчон ертөнцийг амар амгалангаар адисладаг. Тийм бясалгагч өдөр хийснээ шөнө цэгнэх хэрэггүй болдог. Хэнээс ч уучлал гуйх шаардлагагүй нэгэн болно. Үйлийн үрийн хуульд үл захирагдагч нэгэн сайн эр болно.
Зохирол ухамсарлал зэрэг нь хүний дотоод мөн чанарын үелзэлийг Ум-ын үелзэлтэй холбож өгдөг. Энэхүү дээд үелзэлийг мэдэрсэн Хум-ыг бурханы хутаг хэмээн нэрлэдэг билээ. Цаашид бясалгагчийн хувьд А авиа буюу амьсгал тасарсны дараа бүх зүйл нэгдэж ганц Ум үлдэх буюу бүхэл нэг оршхуйтай нэгдэх  үзэгдлийг Нирваанд орох хэмээн нэрлэдэг билээ.

No comments:

Post a Comment