Wednesday, April 30, 2014

Хүний биеийн хүрдүүд

     Орчлон таван махбодиос үүсэлтэй учир хүнд бас тийм таван хүрд бий.
1. Ус,
2. Мод, 
3. Гал, 
4. Шороо, 
5. Төмөр 
      Эдгээр махбодиуд хүний биеийн хүрд тус бүрт өнгө дагнан байрладаг. Толгойн оройн хүрд усыг билэгдэн хөх өнгөтөй байна. Элэг цөс орчмын хүрд модыг билэгдэж ногоон өнгөтэй байна. Зүрх галыг билэгдэж улаан өнгөтэй байна. Хоолойн хүрд шороог билэгдэн шар өнгөтэй байна. Мэлмий орчмын эрхтнүүд төмөрыг билэгдэж цагаан өнгөтэй байна.
     Үе үеийн гэгээрсэн бурхадын оршин байх орон нь эргээд орчлонгийн бүх л эд эсүүд болдог жам ёсоор хүний биеийн хүрд тус бүрийн уг язгуураас бурхад өөр өөр дүрээр тодрон гарч ирдэг. 
1. Толгойн оройн хүрднээс "Үл ганхагч" /Мижодва.төвд, Акшобя.санс./  бурхан биелж гардаг. 
2. Амин хүрд, хүйснээс "Үйл бүтээгч" /Дондов.төвд, Амогхасиддха.санс/ бурхан биелнэ. 
3. Зүрхний хүрднээс "Цаглашгүй гэрэлт" /Одбагмэд.төвд, Амитаба.санс./ бурхан биелэнэ. 
4. Хоолойн хүрднээс "Эрдэнэ баригч" /Ринжүн.төвд, Ратнасамбава.санс./ бурхан биелэнэ. 
5. Мэлмийн хүрднээс "Гийгүүлэн зохиогч" /Намбарнанзад.төвд, Вайрочана.санс./ бурхан биелэнэ. 
      Эдгээр бурхадын дүрийг эзэмшиж байгаагаа мэдрэхэд бясалгалын төвшин асар өндөр төвшинд очиж өчүүхэн хүний омгорхох болон мунхархуйн үндэс тасарч тайвшралд ордог.
Кундалин иогт нарийвчилсан долоон хүрдийг хэрэглэдэг бол Нарова богдын бүлээний галын иогт хураангуй дөрвөн хүрдийг ашигладаг. Харин гэгээн гэрлийн иогт таван хүрдийг ашиглах зэргээр биеийн хүрдний ашиглалтын тоо, арга зүй харилцан адилгүй байна. Бүлээний галын иогт 108 амьсгал ордог тул Нарова богдод 108 тоот эрднийн эрхи байсан. Эндээс эрхийг 108 тоотой хийдэг болсон ба эрхи нь тарни маань тоолоход зориулагдаагүй эд юм.
Бясалгагчид хүний биеийн хүрдний голоор авандуди хэмээх гол судал өгсөж толгойн орой хүртэл явсан байна гэж төсөөлөн түүгээр амин хий болон бурхадын хүртээсэн төсөөллийн рашааныг амьсгалын тусламжтай зөөж бясалгадаг. Энэ төсөөллийн судал нь биеийн бүх хэсэгт ариун рашааныг хүртээмжтэй тархаах зам болдог. Заримдаа бид авандудийг хүрднүүдтэй нь бясалгаагүй ч гэсэн хүчтэй урсгалыг нь мэдэрдэг. Энэ мэдрэмж нь хүн өөрийгөө мартхуйц үйл явдал тохиох болон маш их сүсэглэсэн үед илэрдэг. Жишээ нь айх эмээх үед зарсхийж мэдрэгдэнэ. Баярлах гомдох үед доороос дээш хүчтэй огших, хөлрөх, самсаа шархирах гэх мэтээр бид ямар нэг хэмжээгээр амссан байдаг. Гэгээн хутагтууд нь ийм үе үехэн тохиох мэдрэмжийг өөрийн биед байнгын болгосон байдаг. Тиймдээ ч хутагтууд бүхнийг ялгаварлах баримжаагаа алдан эгээ л зүггүй хүүхэд мэт дэрвэж явах бөлгөө. Ийм ахуйг өөртөө сэрээхэд заавал иог хийх албагүй л дээ. Энгийн сэрээлтийн арга бол биеийн хүрднүүдээ ойлгоод, одоо цагийн хэлбэлзэлд л сайн орж чадвал аяндаа сэргэдэг түмэн баримт бий.

No comments:

Post a Comment