Monday, April 28, 2014

Зургаан зүйл хамаг амьтан

Бурханы шашинд ертөнцийн бүх амьтдыг зургаан зүйлд хувааж, тэдний хооронд сүнс хэрхэн шилжиж дэвших аргуудыг нарийн тодорхой заасан байдаг билээ. Зургаан зүйл амьтанд там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр төрөлтнүүд багтдаг. Эдгээр амьтад нь амьдралын насны хэмжээ болоод тухайн насандаа амсах зовлонгийн хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй байдаг.
Тамын амьтад нь хэдхэн хоромоос эхлээд хэдэн өдөр цаад зах нь хэдхэн сарын настай биетүүд байдаг. Тамын төрлийн амьтдаас дурдвал нян бактер, өт хорхой, ялаа шумуул зэрэг сээр нуруутнаас доошхи амьтад ордог ба зарим нэг төрлийн өвс ногоонууд бас энэ төрөлд харъяалагддаг. Эдгээр нь бусад төрлийнхөө амьтдын биологи болон экологи орчныг бүрдүүлэх гол нөхцөл болон оршдог.

Бирдийн амьтдын онцлог нь тамын амьтдын нас болон биетэй ойролцоо боловч хооллох тал дээр амсах зовлон арай илүү байдгаараа ялгарна. Энэ төрлийн амьтанд ажиглагддаг гол шинж нь амьдралд илүү гүн орсны шинж гарч шунах сэтгэл үүсэх ба тэр сэтгэлийг намжаахын тулд биеээ золиослоод ч дарагдахгүй зовлон үүсч байдаг. Бирдийн төрлийн амьтнуудаас дурдвал аалз, хавч хэлбэртэн зэрэг амьтад багтхаас гадна ургамал ногоо, цэцэгс, мод, модлог ургамлууд ордог.

Адгуусан төрлийн амьтадын нас нь хэдэн сараас эхлээд хэдэн арван жилээр үргэлжилдэг ба бүх сээр нуруутан амьтад энэ төрөлд багтдаг. Далай тэнгисийн амьтад, хуурай газрийн амьтад, хоёр нутагтан амьтад, хэвлээр явагчид гээд бидний мэдэх асар олон амьтны аймгууд энэ төрлийг бүрдүүлнэ. Энэ төрлийн амьтдад сэрэх мэдэрхүй бүрэн хөгжсөн боловч хийсвэрлэх сэтгэхүй хөгжөөгүй байдаг.

Хүн төрөлхтөн бол бусад төрлийн амьтдаас хийсвэрлэх сэтгэхүйн гоц хөгжлөөрөө ялгардаг ганц амьтны төрөл нь юм.

Асурийн төрлийн амьтдын нас нь хэдэн зуун жилээр хэмжигддэг. Амсдаг зовлон нь атаа жөтөө, омог бардамнал дээр үүсдэг хэрүүл тэмцэл байдаг. Тэд орчлонгийн өөрт оногдох хэсгүүддээ эзэн сууж амьдардаг хий биетэй, үнэр идэштэй, хийсвэрлэх сэтгэлгээгүйгээр оршин тогтнодог амьтад байдаг. Асурийн төрлийнхөнд уул хад, ус мөрөн, жалга дов, барилга сууц, түр асаасан гал хүртэл гэр орон нь болдог.

Тэнгэрийн төрлийнхний нас асар урт, хий биетэй, үүлнээс дээш агаар мандал хийгээд сансар огторгуйд энергийн түвшингээрээ шатласан орон болон амьдарцгаадаг амьтад байдаг. Дэлхийн гадрага дээрээс тэнгэрийн оронд баяр баясал, идээ ундааны дээж, аливаа энергийн дээжүүд л хүрдэг жаргалд умбасан орчин үүссэн байдаг. Тэнгэрийнхний амсах зовлон гэвэл төрсний эцэст үхдэг, хурсны эцэст үгүйрдэг жамаар нас буян нь доройтож доош унах, гэгээрэл сэхээрлийг үл анзааран жаргалд бүүвэйлэгдэж алтан хормыг асар ихээр нь ашиггүй өнгөрөөх зэрэг зовлон байдаг.
Эдгээр зургаан зүйл амьтдын хооронд аливаа сүнсний шилжин төрөх гол үндэс нь үйлийн үрийн хураагдал болон, үйлийн үрийн хэлбэржилт байдаг. Тиймээс зургаан зүйл хамаг амьтныг сансарын хүрдний зовлонт амьтад гэдэг. Үйлийн үрийн орчилд баримтлагддаг нэг гол зарчим нь хэн юу тарина түүнийхээ л ургацыг авна хэмээх үзэл юм. Энэ зүйтэй боловч харгис арга болдог. Энэ үзэл үзэгдэл нь амьтан болгонд үйлчлэх учир өргөн хүрээг хамарсан зовлонгийн асар том хүрд хамаг амьтдын толгой дээр эргэлдэн байдаг.  
Гэвч зургаан зүйл хамаг амьтан нь нас болон амсах зовлонгоороо өөр хоорондоо ялгардаг боловч дотоод мөн чанар сүнслэг байдлаараа ялгарах зүйлгүй нэг цогц бурханлаг ахуйн үр хүүхдүүд юм. Эндээс бурханлаг хийгээд амьтны ялгааг олж аваад цаашлахгүй бол онцгүй төөрөгдлөөс гарч чадахгүй. Хүн төрөлхтний буян нүглээр дагнасан сүнсний хөгжил дэвшил нь асури эсвэл тэнгэр төрөлд аваачхаас хэтэрдэггүй.
Харин төв үзлийг сахисан сүнсний тэлэлт нь хүний мөн чанар, сүнслэг ахуйг орчлон даяар уусган тархааж явцуу ганц би хэмээх өчүүхэн амийг агуу их орчлонг эзэгнэгч амь болгон хувиргадаг.
Энэ бол агуу их хаанчлал. Энэ бол бурхантай гарцаагүй тогтоох байсан миний бас чиний амар амгалангийн холбоо билээ. Агуу бурхан минь би чамтай бас анд нөхөдтэйгээ салшгүй бас төсөөлшгүй энэ ямар холбоо вэ? Энэ ямар ахуй вэ?. Энд хичнээн ч сүнсийг нэгтгэж болох ямар агуу уужим орон зай вэ?. Гэтэл энэ агуу их орон зай чинь орчлонгийн эд эс бүхэнд алгасаралгүй орших ямар шидэт орчин бэ?. Энэ орчинд Бурхан багш, Есүс, Мухамед зэрэг хүн төрөлхтний сор болсон хөвгүүд охид нэгджээ. Хэдэн саяараа шүү. Тэд зургаан зүйл амьтны зүрхэнд нэгэн зэрэг яг одоо цохилон байна. Энэ орчлонг зүрхээрээ чагнаваас та бүхний Аватара төрх тодрон байна.
Тэнгэр, анжел, асури болох хэрэггүй тийм удаан зүүд хэнд хэрэгтэй билээ. Бүхнийг үл ялгаварлах төв үзлээр амьдарч сүнслэг ахуйгаа уужим болгогтун. Жинхэнэ амар амгаланг олъё хэмээн сэтгэх аваас сайн муу, буян нүгэл хэмээх ялгамжаагүйгээр амьдарч үзэх хэрэгтэй. Сахилдаа хэтэрхий найдах хэрэггүй. Цагаан хоол мацагтаа ч найдах хэрэггүй. Учир нь энэ орчлон харагдаж байгаагаасаа үргэлж өөр байсаар ирсэн. Өчүүхэн хорхой ч байсан хамба ламаас түрүүлж амар амгаланд хүрч болно. Харин энэ гайхамшигийн эсрэг хүний дадал гажууд үзэл л ажиллаж байдаг. Учир нь хүний тархи бүх зүйл эрэмбээр явагдана гэсэн хатуу үзэлтэй байдаг. Зургаан зүйл амьтан дээд доод хэмээн цамаан зан гаргах хэрэггүй уг оршихуйн үндэс маань зовлон гэдгийг бүх будда нар нотлосон юм.

No comments:

Post a Comment