Sunday, May 4, 2014

Эгэл хүн, Бурхан, Аватара

Эгэл хүн нь хайрыг амталж, хайрыг магтан дуулж, хайрыг хайж амьдардаг.
Бодьсадва нь хайран дотор амьдарч хайрыг зэвсэг, унаа хөсөг болгон амьдардаг.
Бурхан нь хайр болон уусч алга болдог.
Аватара нь хайр эргээд бурхан болдог.
     Эгэл хүн үйлийн үрийн хуулинд захирагдан амьдардаг. Аз жаргалтай сайн яваа хүмүүсийг ажихад амьдралдаа амсах мэдрэмжүүдээ өөрөө эртнээс зохион байгуулж ухаалаг хандсан нь илэрхий байдаг. Ихэнхи хүн аз жаргалтай байх үндэсээ урд насандаа бэхжүүлсэн байдаг. Зарим нь энэ насандаа элдвийг хийж амжилтанд хүрэнгүүтээ үйлийн үрдээ санаа тавьж эхлэх нь ч бий. Ер нь өөрийнхөө ирээдүйн зам дээрээ аз жаргалын минаны талбай байгуулах нь үйлийн үрийн ахуйд амьдрагчийн хамгийн зөв зам юм. Аз жаргалыг авчрах хөрөнгө үр нь буян бөгөөд буян үйлдэхэд хувь хүнээс ихээхэн хүч чармайлт, төлөөсийг шаарддаг. Хөдөлмөрөө хөнгөлөх арга зүй хэрэгтэй. Энгийн нэг буяныг өсгөн үржүүлэх, чанаржуулахад хайр энэрлийг ашиглах. Энэ бол төсөөлшгүй ихээр буяныг өсгөх бөгөөд хөндлөнгөөс хэн нэгэн тэрхүү буяныг нь багцаалах гэвэл нулимсаа барахын л нэмэр болно. Өөр нэг автоматаар буяныг үржүүлэх арга нь сүм хийдийн хүрээлэлд багтан олуулаа буяныг хураах арга байдаг. Энэ үед бясалгал тарни, магтаал унших өөрийн буяныг бурхадын буянтай нийлүүлж дундын буяны далай үүсгэх гэх мэтээр ирээдүйн аюулгүйн баталгаагаа олж авна. Энэ бүхэнд тодорхой цаг хугацаа, орон зайд болж өнгөрөх бурханлаг хайрын амталгаа явагдана. Эхэндээ зовлонгоос зайлсхийх буяны зоригдол яваандаа гайхамшигтай өөр үр дүнд хүргэж, энэрэн нигүүлсхүйн хайр ханхалж эхлэнэ. Ингээд жинхэнэ хайрын мэдрэмжийг хайгч, магтан дуулагчдын арми үүсч хүрээгээ тэлдэг. Энэ бол үйлийн үрийн ахуйд зөв боловсон амьдрах хууль болдог бөгөөд ийм суурин дээр бодьсадвын явдалд орхуйн үндэс бүрэлддэг.
    Бодьсадвад үйлийн үр огт хамааралгүй болох бөгөөд сансарагийн хөрөнгө үр болох буян эсвэл нүгэлд ач холбогдол өгөлгүй зүгээр л үйлдэгч болдог. Хамгийн чухал амсах мэдрэмж нь оюун санааны эрх чөлөө юм. Бодьсадва энэ эрх чөлөөг өөрөө өөртөө олгодог. Бодьсадвын номлолын эхэнд бусдын төлөө чи өөрөө бамбар бол. Зөвхөн өөртөө итгэ. Өөр бусдад битгий найдаж бай гэсэн сургаал бий. Гэхдээ эрх чөлөөнөөс нь хуваалцахыг хүссэн хэнтэй ч нөхөрлөхөд бэлэн явдаг. Бодьсадвагийн байгаа газар өөрөө бурханы орон болдог тул тэр эрх чөлөөний жинхэнэ ардчилсан улсаа зүрхэндээ авч явдаг. Тиймээс бодьсадвад там эсвэл диваажин гэх ойлголт байхгүй. Түүний хоноглох газар түүний ариун улс ч буудаллана. Бодьсадва нь нирваан хутагт уусах үедээ мөнөөх л зүрхнийхээ ариун улсад орж уусана. Гэтэл тэр улс нь агуу том байх аж. Түүний ариун улс бол илүү ч үгүй, дутуу ч үгүй бүхэл оршихуй байдаг аа. Энд бодьсадва бурханы дүрийг олно. Хэрэв та зүрхээ анирлаваас өөрийн тань дотор тэдний байгааг мэдрэх л болно.
   Бурханы агуу оршихуйн энтэй амьдрал Аватара бодьгалиар илэрнэ. Аватара гэдэг үгийн утгыг ямар нэг зүйлд бүрэн зориулсан амьдрал буюу шижир тунамал амь хэмээн тайлбарлаж болох юм. Тухайлбал Шантидева гэгээний "Бодичаръяаватара" гэх туурвил нь бодьсадвын амьдралд бүрэн уусах тухай онол сургаал болно. Бодь хутгийн аватара байдал хүний үйлийн үрд цохилт болж, хүний биеийг таван махбодийн хувьд задлах нөхцөл болж өгдөг. Шавь хүн үхэх үед бүрэн зориулалтын программ /бодьчаръяаватара/ ажиллаж үйлийн үрийн бяцхан бөөгнөрөл болох сүнсийг задлан амирлуулж, таван махбодод тус тусад нь бүрэн уусгаж таван өөр аватара болгож өгнө. Тухайн хүн оршихуйг бүтээх таван тулгуурт нэгдлээ гэж ойлгож болно. Үүнийг бурханы шашинд үтэр тонилхуй гэдэг. Аватара болох нь галлактикуудын холбооны ерөнхийлөгч болохтой ижил үйл явдал боловч өчүүхэн атом молекулын төвшний амьдралд ч оролцох өргөн хүртээлтэй замнал юм.

Оршихуй ба тантра

Манай галактик таван тэрбум жилийн настай харин бүх галактикийн нэгдсэн систем арван дөрвөн тэрбум жилийн настай хэмээн шинжлэх ухаан тогтоогоод байна. Эдгээр их туурвилуудыг их тэсрэлт гэж нэрлэдэг.
Астрономын шинжлэх ухаан одоогоор мэдэгдээд байгаа хоёр их тэсрэлтийн ул мөрийг илрүүлээд байгаа билээ. Орчлонг ерөнхийд нь дүрслэе гэвэл эхний тэсрэлтийн цэгээс өнөөдрийн галактикуудын цагирагыг хүртэл хоосон орон зай үргэлжилсэн байдаг. Энэ бол агуу тэлэлт бөгөөд тэлэлтийн замд юу ч үлдэж хоцролгүй бүх матер 14 тэрбум жилийн турш зах руугаа тэмүүлжээ.
Төвийн энэ хоосон орон зайд 5 тэрбум жилийн өмнө хоёр дахь тэсрэлт ч болоод өнгөрчээ.
Өнөөдөр нийт галактикууд дундаа хоосон орон зай бүхий шувууны үүр шиг биет үүсгэн тогтож байгаа дүр зураг гардаг. Галактикууд хэд хэдээрээ савхлаг биет үүсгэдэг ба тийм асар олон савхлагууд өвсөөр барьсан шувууны үүр маягтай харагддаг ажээ. Гэхдээ савхлагууд нь маш их шахагдсан байдалтай үүрний гадна тал руу нягт бөөгнөрсөн байдаг аж.
Манай галактикыг дэлхий нийтэд сүүн зам, харин монголоор тэнгэрийн заадас хэмээх бөгөөд 300 тэрбум одтой, дээрээс нь хар нүхүүд төдий тоотой бий. Манай хөрш галактикийг Андромеда хэмээх бөгөөд манай галактиктай ойролцоо хэмжээтэй юм.


Нар

Манай галактикын 300 тэрбум одны зөвхөн нэг од нь манай нар юм. Манай нар нь дунд зэргийн цагаан од бөгөөд 4,7 тэрбум жилийн настай. Од дунджаар 10 тэрбум жил наслах бөгөөд манай нар ойролцоогоор 6 тэрбум жилийн дараа ус төрөгчийн нөөц нь багасч хэмжээгээрээ томорч аврага улаан од болж хувирах юм.
Ерөнхийдөө манай галактик шувууны үүрэн систем доторхи өчүүхэн цэг болж байна. Манай дэлхийн хувьд тэрхүү аврага системтэй бүр харьцуулах аргагүй жижигхэн. Гэвч энэ цэнхэрхэн гариг дээр амьдрагч хүний хэзээ нэгэн цагт олж авах Аватара хэмээгдэх дүр нь шувууны үүр шиг харагдах энэ агуу системээс ч цаашхийг эзэмших хувь ерөөлтэй билээ. Энэ агуу дүр байдалд хүрэх арга зам тантрын сургаал, томъёололд бүрэн байдаг.
Тантрад шувууны үүрэн системыг оршихуй хэмээн томёолж Ум үсгээр төлөөлүүлдэг.
Өнөөдөр дэлхийд 7 тэрбум хүн байна. Тэдний ихэнхи нь мөн чанарынхаа гүнд Аватара дүрээ хадгалан яваагаа анзаардаггүй.
Бурханы шашинд олж тогтоосноор 12 шүтэн барилдлагын хүлээсэнд баригдаж сансарын хүрднээс салъя гэвч салж чадахгүй нийгмийн эрэг шураг болон яваа бурхад билээ бид. Бидний Аватара дүрээрээ сэрэх гол зарчим бол оршхуйтай эн тэнцүү харьцдаг үлэмжийн чанарт амьдарч эхлэх явдал билээ.
Өөрийн биеийг оршихуйтай ижил хэмжээнд харьцагч нэгэн болгож үзээд бүхнийг алаг үзэлгүй хайрлах нь зүйтэй. Оршихуйг сайн мууд хуваах нь эмгэнэлтэй.
Оршхуйн аль ч цэг дээр амьдралтай гариг байж болох бөгөөд тэндхийн амьтад мөн л адилхан Аватара дүрийг олж эзэмших ерөөлтэй билээ.
Оршхуйн тойрог хэлбэрт үүрэн систем нь 50 Герцийн тэлэлтийн давтамжтай хүрээгээ тэлсээр байна.
Энэ тэлэлтийн давтамжинд оршихуйн нүүр царай, хэмжээ хүрээ шинэчиллэгдэж байдаг.
Хэн нэгэн энэ давтамжийг анзаарч өөрийн амьдралаа нийцүүлснээр 50 Герц давтамжинд /секундэд 50 удаа/ шинээр оршхуйгаасаа төрнө. Энэ үл анзаарагдам сэгсрэлт тэрхүү азтай нэгний дотоодод сэрэлтийн дохио болж гэгээрэл үнэний ахуйд бусад Аватарагийн нэгэн адил сэрнэ.
Оршхуйн энэ үүрэн системын өнцөг бүрээс Аватара нарын аура бие тал талаасаа мандаж оршихуйг бүрхэн авдаг учиртай. Тухайлбал манай дэлхий дээр нирваанд орж буй Аватара дүрд хувилсан бурхан бээр бусад галактикуудаас ирэх Аватара нарын биетэй нэгдэн нэг агуу том зүрх хэлбэртэй оршихуйн амь болдог.
Өнөөдөр дэлхийн өндөр мэдрэмжтэй зарим хүмүүс ялангуяа барууны окульт үзэгдэл судлаачид оршихуйн нөгөө талаас ирэх Аватарагийн аураг эндүүрч их тэсрэлтийн төв цэгээс ирж буй чиглүүлэгч энерги хэмээн нэрлэж долоон бурхан одоор хүүшлэн нааш ирдэг гэж томъёолсон нь бий.
Мөн зарим нь тойрог хэлбэрт үүрэн системыг янз янзын түвшинд хуваахыг оролдож оршхуйг бүрхэх Аватарагийн аураг дээд түвшнийхэн хэмээн эндүүрч байдаг. Тойргын аль цэгийг доод аль цэгийг дээд хэмээн ангилах вэ? Хүн гэдэг амьтан ямагт одоо байгаа орчноо доод хэмээн ангилаж байж болох юм. Үнэндээ бол аль цэгт та байна гэдэг нь хамаагүй бүгд тэгш бурханлагийн тойрог. Мөн та өөрөө хэн гэдэг нь хамаагүй дотооддоо бурханыг тээгч зүүдний аянчин.

Бурханаас буулгасан зарлиг буюу уучлал

     Хүү минь чи яваандаа бурханы хутагийг олно. Тэр үед чиний гол хөдөлмөрийн багаж бол уучлал байх болно. Үйлийн үрийн асар олон шалтгааны улмаас зовсон хэн нэгэн чиний өмнө ирэхэд тэр хүнийг чи бээр хэрхэн амирлуулж, ариусгах вэ?
     Гэм нүгэлтнийг аварч зовлонгоос нь чөлөөлөх ажлыг бурхан л хийдэг хэмээн хүмүүс бодсоор ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч болох л юм.
    Гэхдээ аврах үзэгдлийн гол гогцоо нь бүхэл оршхуй гэмтний гэм нүглийг уучилсан үед тэр гэмтэн ариусдаг явдал юм. Миний хүү Есүс ч эцэг минь эдгээр хүмүүсийн гэм нүглийг өршөөгөөч хэмээн гуйж байсныг санаж байна уу?
     Бурханы хутагийг олох гэдэг нь бүхэл оршхуйг төлөөлөх чадварыг хэлдэг бөгөөд хүн бүхэнд ийм авъяас заяасан байдаг шүү дээ. Оршхуйн зүрхний цохилолтой хамт цохилж амьдар. Өнгөрсөнд битгий үлд. Ирээдүй рүү санаашралын аялал битгий үйлд. Оршхуйтайгаа хамт байгаа чамайг хэн оршхуйг төлөөлж чадахгүй хэмээн басах вэ?
      Уучлалын зэмсгийг эзэмших гэж буй хүн эхлээд өөрөө өөрийгөө уучилж сурах явдал юм. Өөрийгөө уучилдаг хүнд зургаан зүйл хамаг амьтан хийгээд тэдний дотроос тэнгэр төрөлтнүүд бүр илүү итгэн хүрээлнэ. Чамайг олон шавьтай болно гэж ерөөе хүү минь.
    Оршхуй хэн нэгнийг уучилсаар байхад тэр нэгэн бээр өөрийгөө гэмтэнд тооцон цааш эргэлдэн зугтааваас бурхан бээр тэр хүний төлөө хүлээхээс өөр юуг хийж чадах вэ дээ.
Угтаа бол хүү минь энэ орчлон хоосон чанартай бөгөөд чиний хийсэн гэм болон буяныг гэрчлэх гэрч гэж байдаггүй юм шүү дээ. Харин чиний эго, би үзэл чинь л чиний хуурмаг хавтаст хэргийг бүрдүүлж өмнө чинь тавиад байна.
      Хоосон чанарт оршхуйд ганц л үнэн бий тэр бол чиний яг одоо цаг шүү дээ. Эго чинь гэрчлэх дуртай бол чиний энэ үнэнийг л гэрчлэнэ биз.
      Уучлалын зэмсгийг эзэмшснээрээ чи намайг ч бас уучилж байгаа нь тэр билээ. Учир нь би чамайг энэ зовлонт ертөнцөд төрүүлээд орхисон гэмтэн нь шүү дээ.

Сая жилийн энтэй хормууд минь

     Би амьдралын хором бүрт хайртай.
    Хүүхэд насны гайхамшигт сайхан мөчүүд наран ээжээс цацарсан гэрэлтэй ханьсан он цагийн хэлхээнд аялан оджээ.
     Өдий зэрэгтэй яваа өнөөдрийн мэдрэмжүүдээ ч давтагдашгүй сайхныг нь анзааран баясмуй.
      Баясгалант хормууд эргэж ирэхгүй аянд одох нь гунигтай байлаа ч гайхамшигт учирлууд ар араасаа ундрах ид шидийн ертөнц ажээ та минь.
     Хором хэмээх бяцхан хугацааг ухамсарлах гэхэд оногдохгүй урсах мэт боловч мэдрэмж түүнд чөдөр болж өгмүй.
      Хором доторхи мэдрэмжийг сая жилийн ухамсараар амтлахуйд эрлийн утга алдарч намуу цэцэгт талд гэрээ бариад амсхийх мэт.
      Одоо би гэрийн зүг алхаж явна.
      Сая жилийн турш гэрийн зүг алхаж яваа нь энэ аж.
        Түрүүхэн л автобуснаас буусан боловч хэзээ ч автобусанд сууж байгаагүй мэт.
     Мөн хэзээ ч гэртээ харьшгүй мэт.
      Зөвхөн энэ хормын алхаа сая жилийн түүхийг өгүүлэх мэт.....
..........Сая жилийн шүлэг тэрлэв.

Тантрын шавь

Тантрын шавь нь багш болон бурхадад нугарашгүй итгэлээр хандах бөгөөд энэ насныхаа эцэст мөнхийн бурхадын эгнээнд шилжинэ гэдэгтээ бат итгэсэн байх хэрэгтэй.
Тантрын шавийн энэ нас бол сансарын хүрдний хамгийн сүүлд байсан амьтны дүр байх болно.
Мөнхийн үнэний бурхадтай хамт амьдрах боломж нь үнэнээр нээгдэж буй хүний хувьд тэрхүү бурхадыг аливаа зүйлээс олж харж чаддаг болмуй.
Өөрийн мөн чанартаа уусаж чадсан шавь бусдын доторхи бурхадыг олж харж чадна.
Тэднийг олж харсан хүнд тэднийг олж харснаа зайлшгүй батлах нэг ажил гардаг......... Энэ нь хүндэтгэл биширлийн харьцаа юм. Хөндлөнгөөс нь харвал энэ харьцааг бүхнийг хүлээн зөвшөөрхүй гэж товчилж болох юм.
Хүлээн зөвшөөрхүйн илрэл бол ялгаварлах болон сэжиглэх сэтгэлгүйгээр бурханлагт бүрэн итгэсэн төлөв юм. Жишээлбэл үнэн итгэлт Нарова богд бээр тосгоноос урсан гарч буй бохирын суваг дахь ялгадасыг Дилова багшийн зарлигийн дагуу идэж үзүүлсэн ажээ.
Өөр нэг чухал үзэл нь Тантра бол сонгодог үнэн хэмээх утгыг агуулах бөгөөд сонгодог үнэн бол одоо таны мэдэрч байгаа одоо цаг мөн билээ. Гэвч одоо цаг нь харьцангуй ойлголт бөгөөд нарийн тогтоох аргагүй мөчлөг тул үнэн доторхи жинхэнэ би нь баригдашгүй хурданд оршино. Тиймд Тантрын шавь энэ орчлонд амьдарч байгаа нь үнэн боловч энэ орчлонд үл оршино. Хөндлөнгөөс нь ажвал энэ амьдралын хэв маяг нь үл дасхуйн биелэл болж эгод байр суурь олдохгүй болно.
Энэ орчлонд үл оршин амьдарч байгаагаа мэдрэх тусам бүхэл орчлонг нийтэд нь харж байж л өөрийгөө олж харна. Ийм хараа нь яваандаа тухайн шавийг хаа сайгүй оршигчийн хутгийг олоход туслана.
Хаа сайгүй оршигч бол бүх юмсын эд эсэд оршигч мөнхийн бурхадын мөн чанар билээ.
Хаа сайгүй оршигчийн хутаг нь агуу хүчийг илэрхийлэх бөгөөд оршихуй ертөнцтэй эн тэнцүү харьцагчийн эрх омогийг шавьд олгоно. Тийм шавь одоо хүнд гарын даянч буюу үйлийн үрийг өөрт хүлээдэггүй сайн эр болно. Махамутарын ахуйд дураараа дургих эрхийг авч байна гэсэн үг. Маха-их, мутар-гар гэж ойлгож болох юм.
Бурхад гэдэг нь хайраар зэвсэглэсэн сайн эрс мөн билээ.
Тантрын шавь хэмээх нь энэ байгаа биеэрээ хайр болхын нэр билээ.

Оюун санааны эрх чөлөө

    Шотландын ард түмний хүү Вильям Волос Англичуудад баригдаад байхдаа нэг үгийг хэлхийг хүсдэг. Англичууд түүний хамгийн сүүлийн үгийг хэлүүлэхэд тэр "Эрх чөлөө" гэж хашгирдаг.
    Эрх чөлөөний төлөө бүх цаг үеийн турш ямар ч их тэмцэл өрнөв дөө.
Дэлхий даяар нийгмийн эрх чөлөө нь явцуу, хуурмаг, богино настай байдгийг хүмүүс мэдэрч байдаг. Тиймээс хувь хүний оюун санааны эрх чөлөөг чухалчлах үе иржээ. Нэгэнт оюун сананы эрх чөлөөг олсон хүн дотоод гүндээ далай шиг амгалан тайван амьдарна. Гадна талд ямар ч ширүүн шуурга болж байсан тоохоо болино. Гадна тал руу татагч их хүчний харилцааг таслаад далай болон нам гүм тэгшээр оршигч болох үед энэ орчлон гэдэг чинь би өөрөө л юм байна гэсэн сэдэл төрөх болно. Угаасаа үзэгдэж харагдсан юм бүхэн, амталж, мэдрэгдэх юм бүхэн өөрийн тань сэтгэлээс л эх үүсэлтэй байдаг шүү дээ. Үүнийг мэдэж бүх санаачлагыг гартаа авах тань оюун санааны эрх чөлөөнд хүргэнэ.
      Оюун санааг боомилогч тэргүүн зэргийн үзэл бол буян нүглийн ялгавартай үзэл юм. Буян нүгэл гэдэг бол өөрийн тань тухайн цагийн л урлал байдаг. Тиймээс тэр бүхэнд ач холбогдол битгий өг. Та аль нэгээс нь зуурах санаатай байх л даа. Учир нь танд сүнсний хувьд хоосорчих гээд байгаа юм шиг санагдаад байгаа. Та хоосон үлдэхгүй таны амь бол үнэн, таны амь бол зам мөн. Таны одоо цагт оршиж байгаа тань бодит. Харин таны бие цогцос, таны өнгөрсөн болон ирээдүй цаг тань хоосон. Аль нь бодитой аль нь хоосныг анзаарч ялгаарай.
      Та хүүхэд байсан идэр насныг туулсан, одоо хөгширнө, эцэст нь биеэ орхино. Тухайн үеийн мэдрэмжүүд бас л тусдаа өөр өөр. Таны амьдралдаа хийсэн буян гэдэг нь таны юм биш, харин тухайн үеийн оршихуйн тохироо бүрдсэн л хэрэг. Таны хийсэн гээд байгаа нүгэл ч мөн адил тухайн үеийн оршихуйн тохироо бүрдэлт юм. Та юунд оршихуйтай дурсамжаа булаалдана вэ. Хоосныг орхи цаашаа.
     Одоо цаг бодит зүйл. Би Монгол газар нутагт байна. Би Монгол хүн болж төрсөн юм. Би орчлонгийн их хаадын сүнс цөөхүүлээ ирж төрдөг ариун дагшин Монголд төрсөн. Би хавар болхоор цагаан идээ дэлгэрэх нь гэж баясдаг. Намар болхоор мал таргаллаа гэж баясдаг. Би хүүхэд байхдаа зун их махсаад аавыгаа хонь муулахад баясдаг байсан. Ах нар ангийн олзтой ирэхэд бараг л саторид ордог байсан. Энэ бол миний оршихуйн тохироо. Гадны хүний нүдээр харвал энэ бүхэн аймшигтай бөгөөд зэвүүн нүгэлд тооцох биз. Хэрэв би Хятад юмуу Ветнам зэрэг тариачин ард түмний дунд төрсөн бол байцаа, эрдэнэшиш боловсрох үед баярлах байх л даа. Монгол хүн өөрсдийгөө тэдний оронд тавьж үзвээс санаанд үл багтана. Иймээс орчлонгийн аль хэсэгт оршихуй ямар тохироо хийсэн бэ гэдгийг анзаарч, түүнийг нь хүндэтгэж сураарай.
       Оршихуйн тохироог үл хүндэтгэгч нэгний үгэнд орон байцааны булан хэмлэн суугаа элэг нэгт ахан дүүсээ хараад өр өвдөх шиг л болдог. Хоол шингээхгүй өвчин туссан бол ч яая гэх вэ. Гэтэл идэр залуучууд гэгээрэх нэрээр биеээ хорлон сууна. Ийм байдал монголд сэтгэцийн халдварт өвчний хэмжээнд хүрч байна. Угаасаа ингэж туйлширдаг сэтгэцийн эмгэг дэлхий даяар их тархаж байгаа. Жишээ нь модель шиг галбирлаг сайхан болох сэтгэхүй нь дэндээд яс арьс болтлоо тураад хоол идэхгүй байсаар уургийн дутагдлаар мөнх бусыг үзүүлэх охид олширчээ.
     Ирээдүйд Гимлай уул ийм даяанч гэх сэтгэцийн өвчтөнгүүдээр дүүрч тэднийг эмнэлэгт авчирч эмчлэх компанит ажил өрнөх тухай их багш Ошо хэлж байжээ. Гэхдээ бүгдээрээ тийм гэж туйлширмааргүй байна. Оршихуйн тохироог хүлээн зөвшөөрөхөд суралцан, зөв замаар явагчид Гимлайд олон.
          Одоогоор дэлхийд Гимлайгаас ирсэн гэх агуу их сэтгэцийн өвчтөнгүүд болох нэг бус хүн гэгээнтэн цолыг зүүн нийгмийг хордуулсаар байна. Тэдний өөрсдөөс нь өөр энэ хорвоог харж үзэх бурхангүй болчихсон мэт хайраар халхавчилсан дөвчигнөлийг харахад оюун санааны эрх чөлөөнд террор хийгч, оршихуйн тохироог тас эсэргүүцэгчид мэт л харагддагийг нуух юун. Гэхдээ яах вэ бурхад ийм жүжиг найруулсныг эсэргүүцэлтэй нь биш дээ.
     Оршихуйн эд эс нэг бүрт хамаг бурхад бүрэн бүрэлдхүүнээрээ уусан нэгдэж амьдарч байдгийг мэдвээс зохилтой. Тэднийг амьдрал хэмээх жүжгийн эрхэмсэг найруулагч нар хэмээн харж, тэдний жүжигт айдас үгүйгээр тоглоод дуусвал оршихуйг бүхлээр нь эзэмших гран при шагналыг тэднээс хүлээн авах болно. Өөрт оногдсон цаг цагийн үйлийг айлтгүй 100% биелүүлбээс амьдралын гоо сайхан цацарна.
      Айдас гэдэг бол эрх чөлөөний зам дээр ургасан халгай юм. Энэ айдас бол шийтгэл хүлээхээс айх айдас юм. Сайн эрд ямар ч хууль үйлчлэхгүйг сана. Сайн даяанч сайн эр болдог. Сайн эрд өөрийн гэсэн эрх чөлөө бий. Хэрэв ямар нэг шийтгэл ирэх аваас оршихуйд өөрт нь тохож сур. Өөртөө хумсын чинээ ч гэм нүглийг битгий хүлээ. Хэрэв өөрийгөө ямар нэг гэмтэй гэх адын бодол төрөөд байвал зуун хувь өөрийгөө уучилж сур.
       Яваандаа зовлонд орсон нэгнийг аврах үед түүнийг хамаг бурхадын өмнөөс уучилж чаддаг болоход чинь уучлалын ид шид тус болно. Зовлонт түүний сансарын хүрдний бүх амьдралынх нь гэмийг ч уучилж чаддаг болно. Өөрийгөө уучилж чадаагүй хүнд хэн ч итгэх билээ дээ. Үүнийг эс ойлговоос зальт нэгэн нь айдас дээр чинь дөрөөлж чамайг ногтолж авах болно.
Хамгийн тохиромжтой даяаны орон бол таны гал тогоо юм. Хамгийн тохиромжтой даяаны ахуй бол таны ажлын өрөө юм. Хамгийн тохиромжтой даяаны нөхцөл бол таны унтлагын өрөө юм.
      Ерөөс эрх чөлөөг хаанаас ч олж болно. Тэр эрх чөлөө бол ногоон дарь ээжийн тамаас ч олж чаддаг байсан оюун санааны эрх чөлөө.

сүнсний ачаа

Оршихуйг нэг цул энергийн биет хэмээн ойлгож болох юм. Оршихуйн ихэнхи хэсгийг статик энергийн ахуй бүрдүүлдэг. Үлдсэн хэсэг нь динамик энергийн ахуй болно. Динамик энергийн ахуйг сансарын хүрд ч гэж нэрлэж болно.
Харин статик ахуй бол нэгдмэл байдлын илэрхийлэл юм. Статик ахуйг нирвааны ахуй гэж үзэж болох юм.
Сүнс бол оршихуйн динамик ахуйн нэг хэсэг. Бид өөрсдөө энергийн хувьд динамик байдалд байгаа болхоор динамик зүйлсээ л харж ойлгож чадна. Жишээлбэл нар, сар, од, гарагс, байгаль, хүн, амьтан гэх мэт.
Эдгээр динамик зүйлс хэзээ нэгэн цагт оршихуйн статик ахуйд орно. Тэндээсээ дахин динамик ахуйд шилжинэ. Энэ мэтээр мөнхийн амьдралаар бид амьдарцгаана.
Тухайн нэг динамик сүнс ямар замаар, аль хир удаан аялаад статик ахуйд нэгдэх нь харилцан адилгүй.
Цаг хугацааны доторхи сүнсний аялалын замыг тодорхойлхыг оролдоё.
Сансарын хүрд буюу динамик ахуй бол асар их хүслийн галаар өдөөгддөг ахуй юм. Динамик ахуйн ая тухтай байдлыг хангахын тулд динамик ахуй өөрөө статик ахуйгаас сүнс, амийг нэмж өгхийг хүсдэг.
Иймд статик ахуйгаас гэрлийн өчүүхэн нэг квант хэлбэрээр сүнс тасарна. Ийнхүү сүнсний динамик аялал сансарын хүрдэнд эхлэнэ. Эхэндээ амьдрал микро ертөнцөд өрнөнө. Микро биеүүд сансарын хүрдний үйлчилгээний үүргийг гүйцэтгэнэ. Бүх төрлийн бодсийн орц агууламжийг бүрдүүлнэ. Үйлчилгээний үүргээ сайн гүйцэтгэсэн сүнс шууд нирваан буюу статик ахуйд шилжинэ.
Гэхдээ амь хэлбэрээр хөгжсөн сүнсний аялал цааш үргэлжилнэ. Аялалын явцад үйлийн үрийн ачаа нэмэгдэж эхлэнэ. Цаашид ачааны хүнд хөнгөнөөс шалтгаалж олж төрөх биеийн төрх тодорно. Жишээлбэл их үйлийг хураасан сүнс хүний биеийг олж болно, тэнгэр сахиус, анжелын дүрийг ч олж болно. Энд нэг зүйл онцлоход аялалын явцад үйлийн ачааг хаяаад статик ахуйд нэгдэх боломж сүнсэнд нээлттэй байсаар байна.
Сүнс ачаагаа бүхэлд нь буяны ачаа болгохыг хүснэ. Учир нь буяны ачаагаар статик ахуйд нэгдэнэ гэж үзсээр л байдаг. Буян хийхэд хүний бие маш эвлэгхэн байдаг тул сүнс өөрөө статик ахуй буюу нирвааны ахуйд ортлоо дахин дахин хүн болж төрөх ерөөл өргөнө.
Ерөөл бол хүчирхэг голдирол үүсгэдэг тул сүнс эргээд хүн болно. Сүнс заримдаа нэг эхийн хэвлийд ахадсан ачааг хураасан байх тохиолдол бий. Тиймээс ачаагаа тохирох хэмжээнд хүртлээ амь хуваагдах үзэгдэл явагдана. Жишээлбэл богдууд, хутагтууд, Далай ламын үе үеийн дүрүүд ерөөлийн дагуу төрдөг. Шинээр төрөх бүртээ хэдэн мянган хүүхэд болж хуваагддаг. Тиймээс аль нэг хойд дүрийг зөв сонгосон уу? буруу сонгосон уу? гэж санаа зовох зүйлгүй байдаг. Олон дүр тодруусан ч буруудах зүйлгүй.
Саяханы нэг жишээ гэвэл Монголчууд говийн ноён хутагтынхаа хойд дүрийг тодрууллаа. Тэртээ 200 шахам жилийн өмнө хутагт "Би хойд дүртэйгээ гавал овоонд уулзана." гэж хэлжээ. Гэтэл хэдэн жилийн өмнөөс хутагтын нутагт Арева корпораци туршилтын журмаар ураан олборлосон нь одоо ойртсон болгоноо гавал овоо босгохоор болтол хордсон. Үүний дараа хутагтын хойд дүр тодорсон нь ерөөл лүндэн нь биелсэн явдал болох шиг боллоо. Гэтэл саяхан нэг бөөгийн онгодод хутагт буусан ч гэх шиг. Тэр ариун сүнс буяны ачаагаа хувааж олон олон хэмжээст орсон байх талтай юм.
Статик ахуйд нэгдэнэ гэдэг бол оршихуйг эзэмшиж буй асуудал юм. Статик ахуйд нэгдээгүй л бол их бага хэмжээний зовлон байдаг. Тиймээс тэнгэрүүд нирваан хутагийн нууцыг хадгалагч хүн төрөлхтнийг их сонирхдог.
Тухайлбал нэгэн ариун сүнсийг зэрэгцээ хадгалсан хоёр хүнтэй уулзаж байснаа санаж байна. Тэдний сүнсийг тодруулбал эрт цагт Есүсийн эх Мэрид "Чамаас бурханы хүү төрөх болно" гэдгийг хэлж өгсөн хоёр ариун сүнсний нэг Габриел анжел байсан. Габриел нирваан хутагийг хүсч өөрийгөө олон мянган амь болгон цацраагаад, дэлхий дээр олон мянган хүн болж төрсөн байдаг. Учир нь түүний агуу их эрчимтэй энергийг нэг эхийн хэвлийд  үүрүүлэх боломжгүй юм.
Динамик ахуй дахь сүнсний аялал ийм маягаар хэдэн мянган жил дамжин үргэлжилж ч болно. Хэдхэн өдөр ч үргэлжилж болно. Бодь хутаг болзоогүй учирдаг гэх хэлц үгний учир нь ийм. Бидний гол мэдэж авах зүйл бол амар амгаланд хүрэхийн тулд ачаагаа алаг үзэлгүй л хаях болж таарч байна.

Бурхан багшийг гэгээрүүлсэн дотоод оюуны соёл

Бурхан багш гэгээрлийн замыг нээх зорилго өвөртлөн зургаан жил хатуу иогоор замнасан билээ. Тэр үеийнхээ сор болсон Алира Калама болон Уддака Рамапута зэрэг иогч нар дээр очиж шавь болж байсан юм. Бурхан багш зургаан жилийн хугацаанд маш хүнд мацаг барих, кундалини сэргээх, байгалийн эрчмийг өөртөө шингээх, багшийн авралд итгэх, бурхадын гэрлийг олж барих зэрэг бие сэтгэлийг ариусгах эртний дээд иогуудыг цаг алгасалгүй хийж байсан.
Түүний хийж байсан иогууд амжилтанд хүрч байсан хэдий ч тэр амжилт нь зөвхөн нэг нас, нэг биеийн хувийн л амжилт байсан юм.
Бурхан багшид өөр зорилго байлаа. Багш оршихуйн мөнхийн үнэнийг л олхыг хүсэж байсан юм. Тиймээс бурхан багш нэг л өдөр өөрийнхөө иогын замналыг таслан зогсоосон юм.
Бурхан багш тэр зургаан жилийн нөр их хөдөлмөр, гайхамшигт амжилт, гэгээн багш нарын сургаал ном зэргийг огт өөрийн хэрэг биш юм шиг л мартаж чадсан. Тэр марталт бурхан багшийн мөнхийн үнэнийг олох замын эхлэл байлаа.
Багш тэр оройдоо өөр ахуйд шилжин орсон. Тэр ахуй бол оршихуйн үнэнийг олох тал дээр ямар ч амжилт олоогүйн улмаас гуньхирсан сэтгэл нь хоосорсон ахуй байлаа. Ерөнхийдөө бурхан багш өмнө нь туулж ирсэн их тэмүүлэл, амжилтын ахуй болон одоо шинээр амсаж буй хоосорлын ахуй хэмээх хоёр ахуйн зааг дээр иржээ.
Бурхан багш энэ хоёр ахуйн шилжилтын үйл явцыг огцом бөгөөд 100 хувь хийж чадсанаараа оршихуйн үнэнийг санаандгүй олж тогтоосон.
Мэдээж тэр нэгэн орой бодь модны доор сууж байсан бурхан багшийн дотоодод өмнөх тэмүүллийн ахуйн энерги, шинэ ахуйн энерги хооронд урсгалын зөрүү гарч хүчтэй хямрал гарсан байх учиртай. Багш тэрхүү хоёр ахуйн шилжилтийн хямралыг цэгцэлж, үнэлгээ дүгнэлт өгч чадсанаараа мөнхийн үнэн буюу дотоод оюуны соёлыг өөртөө нээж өгсөн.
Бурхан багшийн олж авсан туршлагыг бид амьдралдаа хэрхэн нэвтрүүлэх вэ? Энэ амархан уу? гэх асуудлууд шавь нарт нь тулгардаг.
Эхлээд өөрийнхөө одоо цагийн ахуйг тодруулах хэрэгтэй. Одоо цагийн ахуй тань өргөн хүрээг хамарч болно. Эсвэл бичил ахуй ч байж болно. Өнгөрсөнөөс одоо байгаа ахуйдаа 100 хувь шилжих нь дотоод оюуны соёлын нэг үндэс болно. Сэтгэл санаагаа ирээдүй рүү алдалгүй одоо цагтаа 100 хувь барьж чадах нь дотоод ахуйгаа бантан болголгүй цэгцтэй байлгах  дотоод соёлын бас л нэгэн үндэс болох юм.
Хүн гадаад орчиндоо тохируулан хувцаслах, олны дунд биеээ зөв боловсон авч явах соёлыг бага балчираасаа өөртөө төлөвшүүлдэг. Гэтэл дотоод оюуны соёлд төлөвшилд хүн анхаардаггүй. Ийм хүний дотоодод нэвтэрвэл олон олон ахуйгаас үлдсэн эрээвэр хураавар бодол санаа чихээстэй байдаг.
Хором доторхи бичил ахуйнуудын хооронд 100 хувь шилжиж чадвал бурхан багшийн биеэр үлгэрлэсэн дотоод оюуны соёлыг хялбарханаар эзэмшиж буй явдал билээ. Энэ тал дээр түүхэнд нүднийхээ хараагаар л шинэ ахуйд шилжиж чаддаг Авалокетшварагийн /Жанрайсигийн/ арга хамгийн алдартай нь билээ.
Хэтэрхий хялбархан юм шиг санагдах байх л даа. Гэхдээ аливаа зүйлд хандах хандлагаас хамаарч ирээдүйн амжилт тодорхойлогддог. Өчүүхэн ч гэсэн зүйлд 100 хувь хандаад л байвал нирвааны ахуйн үнэлэмж энэ 100 хувь хэмээх хандлага дээр чинь соёолно шүү дээ.
Хичнээн ч олон ажлыг зэрэг хийж байж болно. Тухайн хоромд л бодол сэтгэл, мэдрэмж, мэлмий хараа, үзэл баримтлал бүхэн тань нэг л ажил дээр тусч чаддаг байг. Тэр ариун хоромд өөр бусад ажлууд болон өөр бусад ахуйн бодлууд таны дотоод ахуй руу үл нэвтэрч чадах болтугай.
Хүнд төсөөлж байгаагүй зүйлс тулгарахад дотоод оюуны соёлын хэрэгцээ хүчтэй мэдрэгдэж эхлэнэ. Аливаа асуудлууд хүнийг оюуны соёлд сургахын төлөө л учирсан мэт байдаг. Тухайн асуудалд хүлээцтэй хандснаар та итгэл үнэмшлийн хувьд үнэ цэнээ алдах мэт мэдрэмж төрж байж болох юм. Гэхдээ үнэ цэнэтэй байсан зүйл үнэ цэнэгүй болох нь ч өөр нэг ахуй гэдгийг олж харж түүнд зовлон багатай шилжиж сурах нь амьдрах урлаг, дээд соёл билээ.
Бурхан багшийн дотоод оюуны соёл өнөөдөр ч хүрээгээ тэлсээр байгаа билээ. Тэр нь одоо цагийн соёл билээ. Өөр илүү аугаа юуг хүсэн хаашаа бэдрэх вэ?
Оюуны соёлыг өөрт суулгаагүй бол мянган гүрү багшийг шүтээд ч зовлонгийн ахуйгаас салж чадахгүй. Дотоод оюуны соёл нь мянган галавын турш аль ч хором агшинд олоод хэрэглэхэд авралаа үзүүлэх зэмсэг болно. Эзэмшсэн л бол дотоод оюуны соёл нь хэзээ ч үл алдрах мөнхийн цэвэр тунгалаг ахуйг хүнд бэлэглэдэг билээ.

Хоосон чанар

Эртний мэргэд оршихуйн мөн чанарыг илэрхийлж чадах нэгэн агуу онолыг олж тогтоосон байдаг.Тэр онол нь "Бүх зүйл анх бүрэлдэж бий болсон тэр газартаа эргэж шингэдэг." хэмээх үзэл баримтлал юм. Нөгөө талаар энэ онол нь байгалийн анхдагч жам ёс юм. Арслан шугуйд төрж шугуйд эцэслэнэ. Загас усандаа төрж усандаа шингэнэ гэх мэт. Үүний нэгэн адил бид орчлонгийн бүтээгчийг хайж өөрсдийгөө эргээд юунд шингэхээ тооцоолъё.
Амьдралын бүх хэлбэр нэг зүйл дээр тогтдог. Хүн төрөлхтөн түүнийг сүнс, амь, далд ухамсар гэх мэтээр олон янз нэрлэдэг. Харин сүнс, амь, далд ухамсар маань сэтгэлээр дамжуулж ямар нэг биеийг бүтээж, олж төрж байдаг. Мөн тэр биеээ сэтгэлээр удирдаж нийгэм, эд баялаг, гайхамшгийг бүтээж байдаг. Тиймийн тул сэтгэл оршихуйг бүтээгч болж байна. Сэтгэл өөрөө барих биегүй хоосон. Хоосон зүйлээс үүссэн бүхэн хоосон чанартай хэмээх гаргалгаа илт харагдаж байна. Бурхан багш ч сэтгэлийн бүтээл тиймээс бурхад ч хоосон чанартай ажээ.
Микро Нано төвшинд ч сэтгэл үйлчилнэ. Молекул хэдэн элекронтой байх нь тухайн элементийн ухамсар юм. Мөн молекул хичнээн хамтрагчтай байх вэ гэдгээ хатуу тогтоодог. Үүнийг нь валент буюу найрсаг байдал хэмээн ойлгож болхоор.
Эцсийн хариу нь бүх оршихуйн үзэгдэл сэтгэлээс үүсэн учир сэтгэлдээ шингэнэ. Бүх зүйл эмх цэгцэнд орж, бүхэл оршихуй нэг агуу сүнс, амь, ухамсар болон хувирна.
Иймд үнэний эрэлчид сэтгэлээс ангижрах бясалгалыг хийж өөрийн сүнсийг агуу оршихуйн сүнстэй нэгтгэдэг юм.
Дорно дахинд жинхэнэ би-г олж бүхэл оршихуйг мэдрэх арга замыг хоосон чанарыг таних буюу чулууг алт болгон хувиргах дотоод алхими хэмээн заадаг.
Хоосон чанарыг танисан бясалгагч сөрөг энерги, аюул зовлонг арилгаж ард олонд тус болохдоо "Тухайн сөрөг зүйлс бол ердөө л хэсэг хугацаанд биежсэн бодол сэтгэлийн үр дагавар, тиймээс сөрөг энерги нь сэтгэлийн хоосонд шингэж зөвхөн ариун ухамсар л үлдэх болно. Тэрхүү ариун ухамсар оршихуйн агуу ухамсарт нэгдэн замхарах ганц л зам мөртэй" гэдгийг бясалгаснаар аль аль талд нь гомдолгүйгээр сөргөлдөөнийг шийдвэрлэдэг.
Хэдий хоосон ч сэтгэлийн хүчийг басаж болохгүй. Жаахан хүүд өндөр цамхаг барих сэтгэл төрсөн л бол тэр хүү хэзээ нэг цагт өндөр цамхаг барьж чадах хүн болон өсөх магадлал бий.

Ажлын байр

Хүн төрөлхтөн оршихуйн бэлэг болон өглөгийг хүртэж оршин тогтнодог. Бүхнийг өөрсдөө зохицуулдаг юм шиг дүр эсгэж, нэрэлхэх хэрэггүй. Угаасаа ийм л жамтай. Ургамал ногоо, адгуус амьтад бидэнд амь биеээ өргөл болгодог. Бид ямар нэг зүйл идэхдээ тэрхүү хүнсийг хийхэд оролцсон бүх л амьтдын сүнсийг бурханы оронд төрөх болтугай хэмээн ерөөж байх нь зүйтэй юм.
Амьтад хоорондоо харилцан шүтэлцээтэй амьдардаг. Бирдийн төрөлтнүүдийг амьдруулхын тулд тамын амьтад байх хэрэгтэй. Тодруулбал ургамал ногоог ургуулахын тулд бичил биетэн, эс, бактер, вирусууд байх хэрэгтэй. Харин адгуусан амьтдад тэрхүү ургамал ногоо нь байх хэрэгтэй гэх мэт.
Хүн төрөлхтөн өөрөөсөө доошхи бүх амьтдыг хүнсэндээ хэрэглэдэг. Бичил биетэн, үр, шавьж оролцсон хүнс хэрэглэдэг хүн бол тамын амьтдаар хооллогч болж байна. Харин ургамал ногоо хэрэглэж буй хүн бол бирдийн төрлийн амьтдаар хооллогч болж байна.
Ерөнхийдөө үйлийн үрийн ахуйд амьдрагч хүний хувьд ямар ч хүнстэн байсан хүнснээсээ болж хураах үйлийн үр нь бараг ялгаагүй юм. Харин ч нэг үхрийн амь таслах, нэг эрдэнэшишийн амь таслах хоёрын хувьд эрдэнэшишийн амь таслах нь илүү гэм нүгэлтэй. Учир нь амдралын төлөөх тэмцлийн хувьд адгууснаас илүү бирдүүд хамаг хүчээ дайчилдаг. Тийм их тэмцлийг гэнэт зогсоолоо гээд төсөөлдөө. Тиймд мөн чанарын үүднээс харахад хүн төрөлхтөнд тэр нь илүү гэгээлэг хүнс энэ нь сөрөг хүнс гэсэн ойлголт байх учиргүй юм.
Хамаг амьтдын хүнсний гинжин хэлхээний хамгийн анхдагч нь бичил биетэн буюу тамын амьтад юм. Там гэхээр нэг өөр ертөнц маягаар хүлээж авах хэрэггүй. Бүх амьтдын ертөнц нэг л хэмжээст байдгийг ойлгоорой. Адгуусан амьтан, хүн төрөлхтөн хоёр л цуг байгаад бусад төрөлтнүүд тусдаа өөр ертөнцөд байдаг гэх санаа хамгийн алдаатай үзэл юм шүү. Бүх амьдралын төрлүүд хамтдаа байдаг. Энэ оршихуйн нэг чухал үнэн бол хамаг амьтдыг биеийн хэмжээ, үзэгддэг үзэгддэггүй, амьдрах ахуй, наслах хугацаагаар нь л зургаа хуваасан юм. Там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр гэж хуваасан.
Зургаан зүйл амьтдаас хэн нь ч тамын ахуйд орж бусдынхаа хүнс тэжээл бэлтгэхэд амиа өргөхийг боддоггүй. Харин ч тамаас зугтааж дээшээ бүр дээшээ гэдэг уриагаар амьдардаг. Тэгхээр бурхад л тамд ажилладаг. Там гэсэн ойлголт дорнын орнуудад нэг хэсэг бичил амьтдын амьдрах ахуй гэж ойлгогддог бол өрнө дахинд аймшигтай шийтгэлийн гяндан маягын зүйл гэж үздэг. Мөн чанараа олсон хүнд там диваажин хоёрт ялгаа байхгүй гэдгийг өнөө үед дэлхий дахин мэддэг болж байгаа нь таашаалтай юм.
Бид нэгэн цагт бурхадын эгнээнд амьдардаг байсан. Бидний ажлын байр тамын ахуй байсан. Нэг удаа би хамаг амьтны сайн сайхны төлөө зүрхээ тэрбум тэрбумаар нь хувааж тамд шунган орсон билээ. Тэр жилүүдэд ургац сайхан ургаж, айраг дарс эсэж, хүмүүс хайрын дуу аялаж, ертөнц гэрэл гэгээгээр дүүрч байсан юм. Тэндээс нэг амь нь үйлийн үрийн ахуйд үлджээ. Тэр амь өгсөж явсаар одоо хүн төрөлтөн болжээ. Эцэст нь энэ амь хаанаас ирсэн тэр газартаа очих л болно. Энэ бол уншигч таны түүх юм.
Монголын хувьд өвөл их хүйтэн байдаг болхоор хавар бурхад тамд ажиллахаар асгаран ирээд намар ихэнхи нь нирваандаа буцаад орхыг харж болдог. Тамд ажиллахаар ирсэн бурханы тоолшгүй хуваагдсан амиудаас цөөн хэсэг нь л үйлийн үрийн замаар орж төрөл дамжин өгсдөг. Учир нь төрөл дээшлэх тусам орон тоо багасдаг. Тухайлбал зөвхөн нэг уулын хөндийд байх шоргоолжны тоо дэлхийн хүн амаас ч их байх тохиолдол бий.

Saturday, May 3, 2014

Майдар бурхан

Бурхан багш Доржзодва сударт өгүүлэхдээ "Миний шашин тав таван зуун жилээр сэргээгдэж байх болно" хэмээн зарлигласан байдаг. Өнөөдөр тав дахь таван зуун жил эхэлж байна. Энэ удаагийн сэргээлтийг Бурхан багшийн шавь Майдар бурхан дааж авсан.
Майдар бурхантай амжилттай холбоо тогтоосон багш бол Асанга билээ. Асанга багш 400 оны үед хойд Энэтхэгт аж төрж байсан их даяанч билээ.
Эрхэм хүндэт таныг дараагийн Асанга багш болхыг ерөөе.
Асанга багш асрал нигүүлслийг өөрт хөгжүүлсээр 12 жил суугаад Майдар бурханыг олж үзсэн юм. Асангын олсон үнэт эрдэнэ бол асрал энэрлээр сэтгэлийн түйтгэр бузрыг ариусгаж болдог хэмээх үзэл билээ.
Сэтгэлийн түйтгэр бузраас болж хүн өөрийнхөө биед байгаа болон бусдын биед байгаа бурханыг олж хардаггүй. Зарим хүн миний дотор бурхад юу хийгээд байгаа юм тэд нар юу юм гэж дургүйлхэж байхыг ч харж байсан. Асанга багшийн хайр асрал өтсөн нохой дүрээс майдар бурханыг босгож ирдэг. Бүр сүүлд майдар бурхантай цуг явж байхад хүмүүс Асанга багшийг өтсөн нохой мөрөн дээрээ тавьчихаж гэж харсаар л байсан.
Өтсөн нохой бол Асанга багшийн дотоод лаворатори болж өгсөн. Бидэнд өөрсдийгөө шалгах лаборатори гудамжаар дүүрэн байна.
Харж буй зүйлдээ битгий итгэ. Сэтгэл сохор бол нүд сохор. Учир нь хүн төрөлтний сэтгэл өнөөдөр их бузар түйтгэртэй байгаа.
Бүхний дотор байх бурхадыг харж чаддгүй юм гэхэд мэдэрч сурах л хэрэгтэй. Бурхадын шалгалтанд бүдрэлгүй тэнцвэл тэд нэг л өдөр өөрсдийн биеээр өмнө чинь залрах ажгуу.

Ловон Бадамжунай багш

Бадамжунай багшийн даяаны явцад олж таньсан үнэн бол хүн гэгээрэлд тэмүүлэх үедээ эхийн сэтгэл үүсгэх нь маш чухал болхыг онцолсон сургаал нь юм.
Гүрү багш нэгэнтээ усанд явж буй хувин барьсан нэгэн эмэгтэйг барьж авдаг. Тэгтэл тэр эмэгтэй болор хутга гарган ирж энгэрээ нэвт зүсчээ. Тэр ангархайгаар орчлон ертөнцийн эрдэм шидүүд үзэгддэг. Гүрү багш тэр эмэгтэйд сөгдөн багш минь болооч гэж гуйжээ. Гэтэл эмэгтэй "Би чиний багш болж чадахгүй, харин манай эзэгтэй дагина чамд багш болж чадна" гэж хэлээд дагуулж явжээ. Тэд явсаар араг ясаар бүтээсэн сүмд орж иртэл очир эрдэнийн сэнтийд Доржпагма хажид заларч байжээ. Доржпагмын дээгүүр 32 сахиусан тэнгэр эргэлдэн байж гэнэ. Гүрү багш Доржпагма хажидыг өөрийн эрхшээлд авч амар амгалангийн агаарт жарган суужээ. Энэ түүх бол нууцын үндэсний бясалгалыг ёгтлон дүрсэлсэн арга зүй юм.
Усанд явж буй эмэгтэй бол эрэгтэй хүний дотоодод байх эмэгтэй билгүүн юм. Доржпагма бол хамаг амьтныг энэрхүйн эх үндэс юм. 32 сахиусан тэнгэр нь төгс гэгээрсэн бурханы 32 билиг билгүүн юм. Араг ясан сүм нь хүний гаднах бие цогцос юм. Арга зүйг ёгтолсон нь сэтгэлээ тогтоож чадсан шавьд л нээх ёстой гэдгийг сануулсан хэрэг юм.
Өөрийн биеийг бурханлагт шилжүүлэхэд гол сууриа хажид дагины дүрээр босгож ирдэг. Тухайлбал Зонхова богд хажид дүрээр голчлон бясалгадаг байсан. Хамаг бурхадын зүрх нь хажид гэж хэлж болно.
Хажид нь мөнхийн 16 настын дүрээр амьдрагч, хаа сайгүй оршигч, рид чадлын дээдийг эзэмшигч бодьгал юм.
Хэн ч байсан нирваан хутагийг олох үед хажид дүрийг олдог. Бурхадын оронд хажид дүрээр залрахаас өөр хувилбар байдаггүй. Гэхдээ бурханы оронд эрэгтэй дүртэй бурхад бий. Тэд яаж эрэгтэй дүрийг олсон бэ? Учир нь шавь нарын төсөөлөл, өдөр болгоны залбирал хэсэг хугацааны дараа тухайн хажидыг эрэгтэй дүрд оруулдаг. Тэгхээр шавь нарын тоо чухал.
Ерөнхийдөө тэнгэрийн орон, бурхан зэрэг нь оршин суугчдаараа ялгардаг. Бадамжунай багшийн байгуулан оронд мөнхийн 16 наст бурхад хажидууд амьдардаг бол тэнгэрийн оронд голцуу хөгшид эмгэд амьдрах жишээтэй. Тэнгэрийн орны иргэн бусад амьтны төрөлд унаж ирэх эрсдэл ихтэй бол бурханы орны иргэд ирэх буцах нь санааны зоргоор байдаг.
Сайн бясалгаач зүрхэн дотроосоо бурханы орныг мэдэрнэ.

Тэнгэрийн орныхонд ном талбих нь

Америкийн сансарын нисгэгч Гарден Купер сансарын уудамд эх дэлхийгээс 300 километрын өндөрт нисэж яваад Төвдийн дээгүүр өнгөрөхдөө гэнэт байшин барилга хажууханд харагдахыг ажиглажээ. Тэрээр энэ үзэгдэлд тулгуурлан "Газар дээрхи объектын томрох үзэгдэл" гэсэн нэршилийг анх гаргаж иржээ. Энэ нь байж боломгүй зүйл мэт боловч маш олон нисгэгч нарт тохиолдсон байдаг.
Эрт үед энэхүү "Газар дээрхи объектын томрох үзэгдэл" гэгч нь бясалгалын нэг хэлбэр болон хөгжиж байсан түүх бий. Ийм томрох үзэгдэл өөрийгөө оруулсан бясалгагч тэнгэрийн орныхонд ном талбидаг байжээ.
Тэнгэрийнхэнд ном талбих шаардлагатай учир багш бээр газар дээр амьдрагч хүн төрөлт болон асури төрөлт шавь нартаа ном талбих үедээ дээд тэнгэрийн орныхонд зэрэг ном талбидаг байсан.
Багшийн талбих ном нь үнэнийг сургасан утгатай байх ёстой. Үнэн ёсны номыг сонсож, үнэнийг баримталваас хэн ч байсан оршихуйн хаан Аватара болдог. Тэнгэрүүдэд ч энэ зорилго хамаатай.
Тэнгэр төрөл бол маш өндөрт байгуулагдсан хүүхдийн цэцэрлэг гэж товчоор хэлж болох юм. Ийм цэцэрлэг шаардлага хангахгүй. Эцсийн эцэст тэд үйлийн үрээс чөлөөлөгдөж бүхэл оршихуйг эзлэн орших Загдсамбар, Самандбадрын орноо Аватара дүрээр залрах ёстой юм. Дэлхийн бүх шашин хүнийг тэнгэр төрөлд аваачиж төрүүлэх зам мөр болдог. Ямар шашин байх нь хамаагүй. Христийн анжелууд, Аллахын дагалдагч нар, Бурханы лам шавь нар бүгд тэнгэр төрөлд очино. Тэр үед эцсийн алхамыг нь гүрү бясалгагч нар зааж өгдөг.
Ойрын хугацаанд тэнгэрүүдэд гүрү нар агуу номлол тавиагүй учир тэнгэр дахь тэдний нягтшил ихэсч янз бүрийн шашны үнэнээс ангид уламжлалаа дор бүрнээ хадгалсаар байгаа нь ажиглагддаг. Тиймээс ч зарим нисгэгч тэдний янз бүрийн дайралтыг мэдэрдэг байх ажээ.
Тухайлбал нисгэгчид сансарын уудамд аялахдаа хажуудаа ямар нэг хий биет амьтан байгааг мэдэрдэг ажээ. Тэдгээр амьтад ихэнхидээ "Чи хэтэрхий эрт бас буруу аргаар энд ирсэн байна. Би чиний өвөг дээдэс чинь байна. Хүү минь оройтоогүй дээрээ гэртээ буц." хэмээн шивнэдэг ажээ. Тэр дуу хоолой өөртөө итгүүлхийн тулд нэмээд нисгэгчийн гэр бүлийн нууцыг хэлдэг байна.
Эндээс тэнгэр төрөлтөний буруу үзэлд автагдсан нь харагддаг. Тэд ямар их буян, хөлс хүч, үйлийн үр цуглуулж байж ирсэн бол. Гэтэл нэг муу нисгэгч зүгээр л ард олны татварын мөнгөөр бүтээсэн төмөр хөлөг унаад ирэхэд нь атхаархангуй хандаж байгаа нь илэрч байна. Тийм ч учраас сансарт нисээд ирснийхээ дараа нисгэгчид сэтгэл зүй болон шашныг сонирхож эхэлдэг нь тогтоогдсон байдаг.
Анхны сансарын нисгэгч Юрий Гагарин сансараас буцаж ирээд сүмийн хамба ламтай нууцаар уулзахдаа сансарт харагдсан эмэгтэйн талаар ярилцаж байсан гэдэг яриа байдаг.
Мөн хүмүүс тусч сайхан сэтгэлтэй тэнгэрүүдийг сахиусан тэнгэр гэж нэрлэдэг. Харин харгис хэрцгийг нь элдэв муу нэр өгдөг. Аль алин нь хүмүүсийн хүслээс болж зан нь төлөвшдөг. Тухайлбал тэнгэрийг харгис болгохийн тулд бөө нар холбоо тогтоосон тэнгэрээ ... Ирэхдээ ерэн гэлэн хүнстэнгүүд. Буцахдаа буман гэлэн хүнстэнгүүд гэж дууддаг байсан тохиолдол бий.
Гэтэл өнөөх гэлэн буюу гүрү нар нь бүх тэнгэрийнхнийг буруу үзэл, сансарын зүүднээс нь сэрээхээр хааяа нэг тэнгэрт зочилдог ажгуу.
Тэнгэрийн орныг гүрү багшийн номлол хоослон хөнтөрч орхидог боловч хэсэг хугацааны дараа доороосоо шинэ сүнснүүдээр нөхөгддөг. Энэ байдал үл тасрах гинжин хэлхээ юм.
Гүрү багш По гүйлгэх үед бие доторхи сүнсэн бие, гаднах физик биеийнхээ ум судлаар хөөрөн гарч хязгааргүй эрх чөлөөгөө олсон мэт томорсоор, өндөрссөөр огторгуйн уудамд цойлон гарч аврага том хажид болон зогсдог...

Биеээ өргөл болгон өргөх иог буюу гусали чод

Гусали жодын иог нь нууц тарнийн бясалгал иог дотроос энэрэл нигүүслийг дээд зэргээр илэрхийлдэг асар хүчтэй иог болно. Энэ иогийг үе үеийн гуру багш нар өөр өөрийнхөөрөө зохиосон нь өнөө үеийг хүртэл уламжлагдан иржээ.
Энэ иогт ямар нэг шүтээн, тахил шаардагдахгүй. Харин маш хүчтэй ургуулан бодох аргаар өөрийн биеийг бусдад тахил болгон өргөх бясалгал болно.
Бясалгал эхлэх үед хамаг амьтныг энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс гусали иогийг хийж байгаагаа ухамсарласан байна. Орчлонгийн хоосон чанарын тухай сайтар эргэцүүлж, ийм хоосон зүйлийн төлөө улайрч тэмцэн, түүнээсээ зовж буй амьтан бүхэнд үнэний номоор туслаж, аваръя хэмээн хэсэг зуур бясалгана.
Зүрхний хүрдэн дээрээ өөрийн амин мөн чанараа Важраварахи /Доржпагма/ бурханы дүрд хувилган төсөөлнө. Важраварахи дүрд орсон сүнсээ гол судал /Авандуди/ дагуулан ПАД хэмээн тэсрэлттэй хэлж дээш хөөргөж гаргаад биеээ хөсөр үлдээлээ хэмээн сайтар төсөөлнө.

Биеээ орхин дээш цойлсон бурханы зүрхнээс дэгүг барьсан дагина гарч ирэн одоо, ирээдүй, өнгөрсөн гурван цагийг билэгдсэн гурван гавлын ясаар тулга хийнэ. Дараа нь дэгүгээр өөрийн тань биеийн толгойн орой хэсгийг магнай хавиар зүсэж аваад бэлдсэн гавал тулга дээрээ дээш харуулан тогоо маягаар тавина. Энэ тогоог тодва гэдэг. Тодвын дотор А үсэг тодвын дээхнэ ХА үсэг байрлаж байна. Одоо тодва руу үлдсэн биеийг бүхлээр нь зүүн гараараа шидэж хийнэ.
Ингээд асар том Важраварахи бурхан дүрд хувилсан та өөрөө УМ А ХУМ тарнийг ихээр уншиж гавал тулгын дундаас үнэний галаар тодвыг халаахад доторхи бие тань А үсэгтэй нийлж хайлна. Дараа нь тодвын халуун ууранд ХА үсэг хайлж доош унан хайлмагтай нийлнэ.
Ингээд бэлэн болсон тодватай биеийн рашаанаа Сандуй, Дэмчиг, Жидар, Дүйнхор тэргүүтэй яв юм нийлсэн бурхадад өргөхөд тэд баясан толгой, хоолой, зүрх тэргүүтнээсээ гэрлэн адислал тодва руу шингээн хэзээ ч дуусашгүй шидийг биеийн рашаан руу шингээнэ.





Одоо нэгэнт дуусашгүй шидэт рашаантай болсон тул бусад бурхад, ханд, дагинас, багш нарт рашаанаа өргөл болгон өгнө. Дараа нь дөрвөн махранз, номын сахиус, догшидод рашаанаа нэг бүрчлэн өргөн. Дараа нь тэнгэр төрөлтнүүдэд, дараа нь усны лусуудад, дараа нь хүн төрөлтнүүдэд, дараа нь адгуусан төрөлтнүүдэд, дараа нь бирд төрөлтнүүдэд, дараа нь тамын амьтдад авч чадах чинээгээр нь харамгүй өргөнө. Тэгээд сүүлд нь чөтгөр шулам, тотгорлогч хий биеүүдэд хүсэл шуналыг нь ханатал өргөнө. Ийнхүү ариун үнэнийг шингээсэн өөрийн биеийг хамаг амьтанд өргөснөөр тэд бүгдээр дотроосоо гэрэл цацруулан амирлана.
Биеийн өргөлөө хамаг амьтанд өргөсний дараа биеээ шинээр мэдэрч, толгойн оройгоор төв судлаа даган Важраварахи бурханы дүрээр бууж ирж зүрхэндээ шингэнэ.

Ханьцашгүй иогын тантра

     Тантрын ёсны хамгийн дээд оргил болсон ханьцашгүй иогын тантраар хамаг амьтанд тус үйлдэхэд бясалгагчийн хувьд амар хялбар байдаг.
     Ханьцашгүй иогын тантра нь дотроо эх тантра, эцэг тантра, нийлмэл тантра хэмээн гурав ангилагдана.
     Эх тантрын үзэл санаа нь зүрхний төвөөс хайр энэрэл, бурханлаг ухамсарыг цацраах бөгөөд тэрхүү ухамсар нь эхийн дүрээр хамаг амьтанд тус үйлдэх явдал юм. Асрал нигүүсэлт эх тантрын бурхад нь бурхан багшаас эхлээд ханд, хажид, дагинасын дүрт бурхад байна. Тухайлбал Важраварахи, Нарохажид гэх мэт.
    Эцэг тантрын үзэл санаа нь тархины сэтгэхүйгээс үүсэх учир шалтгааны ухааныг догшин дүрт бурханд урвуулах бөгөөд хамаг амьтны хэвшмэл дадал зуршлыг асар их хүчээр эвдэн өөрийн зүрхнээс тодорсон эх бурханы хэвлийг ашиглан шинээр төрүүлж ариусгах явдал юм.  Асар догшин эцэг тантрын бурхад нь хоосон чанарын билиг билгүүнийг үзүүлсэн догшин дүртэй, өмнөө өөрийн зүрхнээс тодрох эх бурханаа эр эмийн явдлаар тэвэрсэн бурхад байдаг. Үүнд Дүйнхор, Сандуй, Дэмчиг, Жидар гэх мэт бурхад багтдаг.
Нэгдмэл тантрын үзэл санаа нь зүрхны ухамсар, тархины ухамсарт сэтгэхүйг хослон хоосон чанарыг таниулж хамаг амьтанд туслах явдал юм. Нэгдмэл тантрын бурхад нь их догшин бус, их амгалант бус дүрийг агуулсан байдаг. Гол төлөөлөгч нь Ямандаг бурхан болно.
     Ханьцашгүй иогийн тантраг эзэмшихийн тулд хамгийн түрүүнд эх тантрыг сурах хэрэгтэй. Эх тантрын бурхадаас хамгийн түгээмэл, хүч ихтэй бурхан нь Нарова богдын боловсруулсан Нарохажид бурхан юм. Бясалгагч Нарохажид бурханы дүрд өөрийгөө оруулмагц Нарохажидын программ нь маш их хүчтэй боловч хэрэглэхэд хялбар бүтэцтэй болох нь мэдрэгдэнэ.
Түүхийн явцад эх тантрын бурхадын программыг өөрт суулгах олон оролтуудыг бясалгагч нар зохиож эмхтгэсэн байдаг.
Харин орчин үеийн хүн төрөлхтний хурдацтай нийгмийн алхаанд тохируулж нэгэн хялбаршуулсан оролт зохиосноо өргөж барьж байна.
Нархажид бурханы  иог.
Нарохажидын буюу таны бие улаан өнгөтэй байна, дүрэлзсэн гал ауратай байна гэж төсөөлнө. Таны биед нар болон сарны хоёр судал, нэг гол судал, таван хүрд, толгойн оройноос дээш бурханы орныг төлөөлөх бас нэг хүрд байна гэж төсөөлнө.
1. Амин хүрд /Аарцагны хооронд байрлана./
2. Зүрхний хүрд.
3. Хоолойн хүрд.
4 Мэлмийн хүрд.
5.Толгойн оройн хүрд.
6. Бурханы орон /Толгойн оройноос дээш 4 хуруу зайнд бурханы орны хил ойртон ирдэг/
Хамрын баруун нүхнээс нарны судал, зүүн нүхнээс сарны судал үргэлжлэн уруудаж амин хүрдэнд уулзаж гол судлыг үүсгэнэ. Гол судал нь бүх хүрдийг холбоод, биеийн голоор өгссөн гэрэлтэй хөндий хоолой юм.
Амьсгал авах агшинд гол судлаар гүйх амьсгал маань улаан хий болон хөөрч бурханы оронд цэцэг болон ургана. Цэцгэн өргөлд зарцуулагдах улаан хийн урсгалыг хүрд бүр дээрээ доороос нь дээш өгсөх замаар нь мэдэрч амьсгалж болно.
Гэгээрлийн рашааны хурыг хүлээн авах.
Бясалгагч амьсгал гаргах агшинд гэгээрлийн цагаан хурыг гол судлаараа бурханы орны хүрднээс хүлээн авна. Учир нь хийн урсгалын өргөлд бурханы орны дагинас хариу рашааныг буулгадаг. Энэ хур оршихуйг бүрхэн бууж хамаг бүгдийг ариусгадаг.
Эхний амьгал аваад гаргахад гэгээрлийн цагаан урсгал толгойн оройгоор гол судал руу орж мэлмийн хүрд хүртэл явна. Дараагийн амьгал хоолой, дараагийнх нь зүрхний хүрд, дараагийнх нь амин хүрд дараагийнх нь хөлөөр дамжин газар руу урсгана.
Гэгээрлийн рашааны урсгалыг биеээр дамжин урсаж буй чигт нь үлдээн босож явж болно.
Энэ үед бүхэл оршихуй Нарохажидын адиститаар бүрэн ариусна. Бясалгагчийг явж байхад мөр дээр нь гэрлэн биетэй бадамлянхуа цуварч үлдэнэ.
Сайн дадлагажсан хүн энгийн үед амьсгал авахад улаан урсгалаа маш хурдан үржинхандын оронд хөөргөж өгөөд амьгал гаргах үед цагаан урсгалыг биеээрээ дамжуулан газарт шингээнэ.
Дэлгэрэнгүй хичээлийг шархадны эцэст байрлах нууц тарнийн номын хийдэд заадаг болно.

Friday, May 2, 2014

Бүлээний галын иог

Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах орчин бол тантрын орчин буюу үнэний ахуй билээ. Үнэний ахуйд амьдарч эхлэж буй хэн нэгэнд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үйл хэрэгтэй байжээ. Иймд үнэний ахуйд амьдрагч Нарова гэгээн бээр яруу үндэсний дагинасаас гайхамшигт зургаан иогын үндэсийг авч нэгэн мянганы тэртээ хүн төрөлхтөнд бэлэг болгон барьжээ. Наровын шавь Марва багшийнхаа иогын арга техникийг Төвдөд бүрэн бүтнээр нь авчирчээ. Марва багшийнхаа зургаан иогыг агуу дөрвөн шавьдаа зааж эзэмшүүлсэн бөгөөд тус тус голлон авч явах иогуудыг ч оноож өгөв. Мял богд голчлон бүлээний галын иогыг эзэмшив. Огдончойдор юүлэхүйн иог болон балгадад одхуйн иогыг эзэмшив. Цүрдэнвани по гүйлгэх иогыг эзэмшив. Мэйдонцомбо гэгээн гэрлийн иог болон бардын иогыг эзэмшив. Марвын дөрвөн шавийн дамжлага үндсээр Наровын иогууд өнөөдөр ч дэлхий даяар гайхамшигаа үзүүлсээр байгаа билээ. Мял богдын эзэмшиж байсан бүлээний галын иогыг өвөл их хүйтэрдэг цаг уурт амьдардаг Монголчууд өргөн ашиглаж ирсэн байдаг. Бүлээний галын иог амьдралд нь суугаад ирхээр тухайн хүн рейпа буюу нимгэн даавуун нөмрөгтөн гэдэг нэрийг авдаг байжээ. Энэ нь Төвдийн эрт үед нэхдэг байсан рейпа хэмээх нимгэн хөвөн даавууны нэр юм. Дээхнэ үед манай иогч лам нарыг багш нар нь шалгахдаа өвөл голын хажууд шалдан суулгаад харзны усанд норгосон орхимжийг нөмөргөж, дотоод бүлээний аргаар хатаахыг даалгадаг байжээ. Иогч лам ч нэг цагт хичнээн нойтон орхимжийг хатаасан гэдгээрээ эрдмээ үнэлүүлдэг байжээ. Коммунист засгийн үед хүрээ хийдээсээ салсан хуучны лам өвгөд хаа сайгүй л хэдэн мал даган уулын ам усны ойрт нутаглан байцгаадаг байлаа. Манай нутгийн хэсэг жолооч нар өвөл зам нь цасанд боогдоод цас ухсаар яваад ядарч ойрхон нэг уулын аманд гэр харагдхаар нь цай уухаар явж очицгоожээ. Нар сар гаднаас нь гэрэлтэх дөхсөн сиймхий муу гэртэй Дагва гэлэн гуайнд очсон байжээ. Гэтэл Дагва гуай хоймортоо шалдан суучихсан хөлсөө арчаад сууж байж. Осгом хүйтэн жаварт, уулын мухарт галгүй гэрт хөлсөө арчаад шалдан сууж байсан Дагва гуайг хараад жолооч нар чөтгөртэй бууцанд ороод ирлээ хэмээн их жихүүцсэн тухайгаа ярьцгаадаг байж билээ. Саяхан Оросын нэг хотод Оросуудыг харзны усанд орж байхад нэгэн Төвд лам очоод тэр харзанд нь бүтэн 24 цаг иог хийн сууж, тэнд байсан Оросуудыг шавиа болгож авсан тухай чих дэлсэж байсан юм байна. Америкт нэг лам очоод хөргүүртэй зооринд иог хийж хоноод маргааш нь гарч ирэхдээ тэр зоорийг халааж хамаг үхрийн махыг гэсгээчихээд хөлсөө арчсаар гарч ирсэн гэдэг.



Бүлээний галын иог.
Иогыг эхлэхийн өмнө иог хийгч нь өөрийгөө хажид бурханы нэг дүр гэдэгт итгэлтэй болсон байх хэрэгтэй. Үүний тулд хажид бурханы хөрөг дүр болон үзэл санааг сайн судалсан байна.
Бүлээний галын иогын хүрдний систем.
Бүлээний галын иогыг хийхдээ биеээ хүрднүүдийн төсөөллийн системд шилжүүлнэ. Бүлээн галын иогт таван хүрдийг голлож авч үздэг. Үүнд 1.Толгойн орой, 2.Хоолой, 3.Зүрх, 4.Хүйс, 5.Үндэс хүрдүүд оршин байна. Эдгээр хүрдний голоор Авандуди хэмээх гол судал үндэс хүрднээс эхлээд толгойн орой хүртэл өгссөн байна гэж төсөөлнө. Үндсэн хүрд буюу хүйснээс доош 4 хуруу зайнд байх асуух нурууны хүрдэнд гол Авандуди болон хоёр талаас нь нар сарны судлууд уулзана.
Хамрын баруун нүхнээс сарны судал /лалана/ гарч доош явсаар үндэс хүрдэнд очино. Мөн хамрын зүүн нүхнээс цааш нарны судал /расана/ гарч доош явсаар үндэс хүрдэнд очино. Мөн хүрд болгоноос асар олон тоотой нади хэмээх туслах судлууд салаалж ойр орчны эд эсүүдэд хүрсэн байна.
Авадудийн доод үзүүрт А үсэг, харин толгойн оройд Хам үсэг байгаагаар төсөөлнө. А үсэг нь аль ч хэлэнд анхдагч эгшиг болох ба билгийн талыг төлөөлөх юм. Хам үсэг нь аргын талыг төлөөлөх ба оршхуйн бүх бурхадын адистит оршсон ариун рашаан бүхий бумба хэлбэрээр оршино.
Үйл явц.
Иогын явцад тайван амьсгална. Уг иог нь анапансита буюу ухамсартай амьсгалах хэмээх бясалгалаас улбаалсан гэдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс хүчтэй эсвэл хэт аажуу амьсгалгүй байвал зохилтой.
1. Эхний 8 амьсгал Нар сарны судлаар дамжин үндэс хүрд дээрхи А үсгийг халааж дөл болгох ба Авандудигаар хөөрч хүйсний хүрд хүртэл өгсөнө. Дөл нь амьсгал бүрт хагас ямхаар шилжинэ.
2. Дараагийн 10 амьсгал дөлийг хөлийн хурууны үзүүр хүргэнэ.
3. Дараагийн 10 амьсгал дөлийг эргээд хүйсний хүрд хүргэнэ.
4. Дараагийн 10 амьсгал дөлийг зүрхний хүрд хүргэнэ.
5. Дараагийн 10 амьсгал дөлийг хоолойн хүрд хүргэнэ.
6. Дараагийн 10 амьсгал дөлийг толгойн оройн хүрд хүргэнэ.
7. Дараагийн 10 амьсгал бумбатай мөнхийн рашааныг дөлөөр халааж рашаанаас гэгээрлийн ганц дуслыг дэврүүлж авна. Энэ мөнхийн рашааны дусал хүрсэн бүхэнд үйлийн үрийн хайлалт явагдаж үхэшгүй мөнхийн мөн чанар нь тодрон гарна.
8. Дараагийн 10 амьсгал дуслыг хоолойн хүрдэнд хүргэнэ.
9. Дараагийн 10 амьсгал дуслыг зүрхний хүрдэнд хүргэнэ.
10. Дараагийн 10 амьсгал дуслыг хүйсний хүрдэнд хүргэнэ.
11. Дараагийн 10 амьсгал дуслыг хөлийн хурууны үзүүрт хүрдэнд хүргэнэ.
Ийнхүү нэг бүлээний галын иогт 108 амьсгал ордог. Нарова гэгээнд 108 ширхэгтэй эрхи байсан нь бүлээний галын иогт зориулагджээ.Бүлээний галын иогыг цогцоор нь 10 шат хийхэд нийт 1080 амьсгал орно.
Бүлээний галын иог Авандудийн өргөний хэмжээнээс хамаарч 10 үе шаттай явагдана.
1. дөл дүрэлзсэн авандуди нь үсний ширхэгийн хэмжээтэй байна.
2. Чигчий хурууны чинээ бүдүүрнэ.
3. Гарын дайтай болно.
4. Биеийн хэмжээгээр бүдүүн болно.
5. Хорвоо ертөнц бүхэлдээ авандуди болно. Жидрэм буюу хажидын үүсгэлийн зэрэг болно.
6. Буцах үйл явц эхлэж авандуди биеийн хэмжээтэй болно. Зогрим буюу хажидын төгсгөлийн зэрэг болно.
7. Гарын дайтай болно.
8. Чигчий хурууны чинээ болно.
9. Үсний ширхэг шиг болно.
10. Авандуди алга болж хоосон чанарт уусна.

Авандуди судлын ашиглалт

Бид байгаль эх, оршихуйн хүүхдүүд. Эх нь бөөр алаг бол хүү нь шийр алаг. Оршихуй ээж таван махбодиос бүрдсэн бол бидний бие ч таван махбодийн хүрднээс бүтнэ. Тархи усыг билэгдэнэ. Элэг цөс модыг билэгдэнэ. Зүрх галыг билэгдэнэ. Хоолой шороог билэгдэнэ. Хамар төмрийг билэгдэнэ. Эдгээр таван хүрдийг нэгтгэн холбохоор биеийн голоор Авандуди судал явна. Авандудийн энэ судлаар бидний амьдралын амт шимт урсана. Энэ судлаар хайр урсвал дээш огшин, нулимс унагана. Айдас урсвал Авандудиг зурсаар толгойн орой хүртэл өгсөнө. Уур хилэн урсвал маш сурамгайгаар цоройн оройн хүрдийг хүртэл эзэлнэ. Шунал тачаал урсвал торох зүйлгүй гүйж хамаг биеийг чичрүүлнэ. Ийм урсгалуудад хүчээр хяналт тогтооход бэрхшээлтэй. Учир нь зам угаасаа тавигдсан байдаг тэр замаар галт тэрэг нэгэнт хөдлөсөн. Мэдрэмжийн галт тэрэгний эцсийн зогсоол толгойн орой юм. Тиймд даяанч нарын хийдэг зүйл нь янз бүрийн мэдрэмжийн эхний гараа болон эцсийн зогсоолыг ажиглах. Үүнээс өөр зөв үйдэл байхгүй. Ажиглаж чадвал тэр их дотоод эрч хүчийг оршихуйн сайн сайхны төлөө ашиглах бололцоотой болно.
Биднийг зүүдэн биеээр шөнө болгон аялал хийхэд Авандуди л санаа тавин физик бие нарийн бие хоёрыг холбон нарийн мөнгөлөг утас болон сунаж хөвөрч дагалддаг. Гэнэт сэрэх дохиог физик биеээсээ авмагц мөнгөн утас биднийг хаана ч аялж байсан ховх татан авчирч сэрээдэг. Энэ үед бидэнд өндрөөс унах мэдрэмж төрсөөр сэрнэ.
Физик бие нь үхэж нарийн биедээ шилжсэн амьтад ч Авандудигаа нарийн биедээ цогцлоосон хэвээр л байдаг. Хамаг амьтанд тусыг бүтээж буй даяанч хий биет амьтдыг хүчээр төвшитгөе хэмээвээс хий биетнүүдийн Авандуди нь л баттай барьц болно. Жишээ нь бурханы орон бол цэцгэс бадамласан орон байдаг. Зовлонт хий биетийг тэр цэцгэсийн дэлбээн дундаас төрүүлснээр мөнхийн улсад илгээх арга нь болдог. Тэр үед тухайн зовогчийн Авандудиг бурханы орны цэцгийн цоморлигтой холбосон байхад зовогч бээр алт мөнгө, уул ус, амраг нөхөр алив бүгдээсээ зуурсан ч хүчтэй татах Авандудийн таталтыг тэсч чадахгүй хормын зуур мөнхийн улсын иргэн болон одно.
Мөн Авандуди нь амьтдын дэлхийд морилох ариун зам болдог. Эцгийн зулайгаар гадны сүнс орж Авандудигаар уруудан явсаар Муладхара хэмээх үржлийн эрхтний хүрдээр дайрч эхийн хэвлийд орж эр эс, өндгөн эс хоёр нийлбэл тэндээ үлддэг. Тэгээд хэсэг хугацааны дараа боловсорч гүйцээд энэ хорвоод шинэ амьд бодьгал мэндлэнэ.
Харин энэ хорвоогийн зовлон эцэслэж нирваан дүрийг олбол Авандуди маань оршихуй хир өргөн бэ? тэр хэмжээгээр өргөсөж таныг оршихуй, ертөнцийн эзэн болгоно.
Хамаг амьтан үтэр түргэн ертөнцийн эзэн болох болтугай.

оргазм

      Оргазм бол хүн байгаа орчиндоо уусах үзэгдэл юм. Тухайн бие хүн гэдэг мэдрэмж алга болж асар их тэлсэн, тухайн орчныг бүрхэн авах мэт мэдрэмж төрж хүн оргазмыг амсана. Оргазмын үед хүн өөрөө яах ийх нь хамаагүй болж, ашиг сонирхол анхаарал татах зүйл биш болно. Энэ үед бүх зүйлс бол би мөн гэсэн зарчим л үйлчилнэ.
Хүн амьдралын дундаас оргазмыг олж барих олон арга зам бий.
      Хамгийн түгээмэл нь хайрын оргазм. Хүн бүхэн хайрлах үед оргазмыг амсдаг. Хайрлах үед хосууд алга болж, бие биедээ уусан зөвхөн хайр л үлддэг. Гэвч яваандаа бодлууд ийм нандин зүйлийг эзлэн түрэмгийлж ид хаваа гайхуулхаар дайралт хийдгээс болж оргазм замхарч харин ашиг сонирхолын арми ялалтын тугаа мандуулсаар хосууд руу орж ирэх нь бий.
       Бишрэл хүндэтгэлийн оргазм. Хэн нэгний асар их гэгээн гэрлийг мэдрэх үед биширлийн хаалгаар энерги цутган ирж би үзэл нэвт цохигдох үзэгдэл юм. Хэн гэдгээ мартаж орон зайн баримжаа алдаж амттай сайхан мэдрэмж үргэлжлэн төрсөөр байдаг.
       Тэмцэл тачаалын оргазм. Энэ үед заавал зорилго байх хэрэгтэй бөгөөд зорилгын төлөө биеэ мартах агшинд оргазм тохионо. Кали юга эринд элбэг тохиолдох оргазмын нэг байсаар ирсэн. Хүн төрөлхтөн ямар нэг хувьсгал өрнүүлэх эсвэл дайн тулааны үед олноороо амсдаг.
      Бясалгалын оргазм. Бясалгалын үед трансын байдалд шилжин цаг хугацаа, орон зай, гадна орчны мэдрэмжээ алдаж оршихуйд нэгдсэн байдалд орно.
      Сэтгэл гутарлын оргазм. Цөхөрлийн үед амсах маш хүчтэй оргазм бөгөөд ухаан алдахад ч хүргэж мэднэ. Энэ оргазмыг тод оюундаа хадгалж чадвал гэгээрлийн мөн чанарыг бүтээхэд хялбар арга ч болох талтай.
     Энэ мэтээр оргазмыг ямарч нөхцөл байдалд амсах боломжтой. Одоо хэрхэн ийм үйл явц өрнөж байгааг тайлбарлахыг оролдоё. Энд авандуди буюу биеийн гол судал чухал үүрэгтэй.   Хүний сүнс орших свадистан хүрдийг цочроож чадхуйц мэдрэмжийг хүн гаднаас авмагц амин кундалини хийн эрчлээс сулран цогнойж толгойн оройд хүрч оршихуй руу асргаран нэгдэх холбоо тогтож байна. Энэ холбоонд орох үед эго үгүй болж, элдэв бодлууд тархи руу орж ирсэн ч хүч нь тарамдаж биед үйлчлэхгүй болж цуван дээр тогтохгүй урсах ус мэт болж байна.
Үүлэн чөлөөний нар мэт хэсэгхэн амтлах оргазмыг байнгын болгон сэтгэлийн үүлийг зайлуулбал оршихуйн үнэн тодорч махамутарын ахуй цогцолно.
     Саяхан манай нэг сүсэгтэн "Хажидын хийд"-ийн шинийн наймны хурлыг даан хуруулж байх үед гэнэт өөрийгөө мэдрэхээ байгаад тэр хийдийн барилга л биеийнх нь оронд мэдрэгдэж байсан хэмээн ярьж байсан юм.

Wednesday, April 30, 2014

Хүний биеийн хүрдүүд

     Орчлон таван махбодиос үүсэлтэй учир хүнд бас тийм таван хүрд бий.
1. Ус,
2. Мод, 
3. Гал, 
4. Шороо, 
5. Төмөр 
      Эдгээр махбодиуд хүний биеийн хүрд тус бүрт өнгө дагнан байрладаг. Толгойн оройн хүрд усыг билэгдэн хөх өнгөтөй байна. Элэг цөс орчмын хүрд модыг билэгдэж ногоон өнгөтэй байна. Зүрх галыг билэгдэж улаан өнгөтэй байна. Хоолойн хүрд шороог билэгдэн шар өнгөтэй байна. Мэлмий орчмын эрхтнүүд төмөрыг билэгдэж цагаан өнгөтэй байна.
     Үе үеийн гэгээрсэн бурхадын оршин байх орон нь эргээд орчлонгийн бүх л эд эсүүд болдог жам ёсоор хүний биеийн хүрд тус бүрийн уг язгуураас бурхад өөр өөр дүрээр тодрон гарч ирдэг. 
1. Толгойн оройн хүрднээс "Үл ганхагч" /Мижодва.төвд, Акшобя.санс./  бурхан биелж гардаг. 
2. Амин хүрд, хүйснээс "Үйл бүтээгч" /Дондов.төвд, Амогхасиддха.санс/ бурхан биелнэ. 
3. Зүрхний хүрднээс "Цаглашгүй гэрэлт" /Одбагмэд.төвд, Амитаба.санс./ бурхан биелэнэ. 
4. Хоолойн хүрднээс "Эрдэнэ баригч" /Ринжүн.төвд, Ратнасамбава.санс./ бурхан биелэнэ. 
5. Мэлмийн хүрднээс "Гийгүүлэн зохиогч" /Намбарнанзад.төвд, Вайрочана.санс./ бурхан биелэнэ. 
      Эдгээр бурхадын дүрийг эзэмшиж байгаагаа мэдрэхэд бясалгалын төвшин асар өндөр төвшинд очиж өчүүхэн хүний омгорхох болон мунхархуйн үндэс тасарч тайвшралд ордог.
Кундалин иогт нарийвчилсан долоон хүрдийг хэрэглэдэг бол Нарова богдын бүлээний галын иогт хураангуй дөрвөн хүрдийг ашигладаг. Харин гэгээн гэрлийн иогт таван хүрдийг ашиглах зэргээр биеийн хүрдний ашиглалтын тоо, арга зүй харилцан адилгүй байна. Бүлээний галын иогт 108 амьсгал ордог тул Нарова богдод 108 тоот эрднийн эрхи байсан. Эндээс эрхийг 108 тоотой хийдэг болсон ба эрхи нь тарни маань тоолоход зориулагдаагүй эд юм.
Бясалгагчид хүний биеийн хүрдний голоор авандуди хэмээх гол судал өгсөж толгойн орой хүртэл явсан байна гэж төсөөлөн түүгээр амин хий болон бурхадын хүртээсэн төсөөллийн рашааныг амьсгалын тусламжтай зөөж бясалгадаг. Энэ төсөөллийн судал нь биеийн бүх хэсэгт ариун рашааныг хүртээмжтэй тархаах зам болдог. Заримдаа бид авандудийг хүрднүүдтэй нь бясалгаагүй ч гэсэн хүчтэй урсгалыг нь мэдэрдэг. Энэ мэдрэмж нь хүн өөрийгөө мартхуйц үйл явдал тохиох болон маш их сүсэглэсэн үед илэрдэг. Жишээ нь айх эмээх үед зарсхийж мэдрэгдэнэ. Баярлах гомдох үед доороос дээш хүчтэй огших, хөлрөх, самсаа шархирах гэх мэтээр бид ямар нэг хэмжээгээр амссан байдаг. Гэгээн хутагтууд нь ийм үе үехэн тохиох мэдрэмжийг өөрийн биед байнгын болгосон байдаг. Тиймдээ ч хутагтууд бүхнийг ялгаварлах баримжаагаа алдан эгээ л зүггүй хүүхэд мэт дэрвэж явах бөлгөө. Ийм ахуйг өөртөө сэрээхэд заавал иог хийх албагүй л дээ. Энгийн сэрээлтийн арга бол биеийн хүрднүүдээ ойлгоод, одоо цагийн хэлбэлзэлд л сайн орж чадвал аяндаа сэргэдэг түмэн баримт бий.