Sunday, May 4, 2014

Оюун санааны эрх чөлөө

    Шотландын ард түмний хүү Вильям Волос Англичуудад баригдаад байхдаа нэг үгийг хэлхийг хүсдэг. Англичууд түүний хамгийн сүүлийн үгийг хэлүүлэхэд тэр "Эрх чөлөө" гэж хашгирдаг.
    Эрх чөлөөний төлөө бүх цаг үеийн турш ямар ч их тэмцэл өрнөв дөө.
Дэлхий даяар нийгмийн эрх чөлөө нь явцуу, хуурмаг, богино настай байдгийг хүмүүс мэдэрч байдаг. Тиймээс хувь хүний оюун санааны эрх чөлөөг чухалчлах үе иржээ. Нэгэнт оюун сананы эрх чөлөөг олсон хүн дотоод гүндээ далай шиг амгалан тайван амьдарна. Гадна талд ямар ч ширүүн шуурга болж байсан тоохоо болино. Гадна тал руу татагч их хүчний харилцааг таслаад далай болон нам гүм тэгшээр оршигч болох үед энэ орчлон гэдэг чинь би өөрөө л юм байна гэсэн сэдэл төрөх болно. Угаасаа үзэгдэж харагдсан юм бүхэн, амталж, мэдрэгдэх юм бүхэн өөрийн тань сэтгэлээс л эх үүсэлтэй байдаг шүү дээ. Үүнийг мэдэж бүх санаачлагыг гартаа авах тань оюун санааны эрх чөлөөнд хүргэнэ.
      Оюун санааг боомилогч тэргүүн зэргийн үзэл бол буян нүглийн ялгавартай үзэл юм. Буян нүгэл гэдэг бол өөрийн тань тухайн цагийн л урлал байдаг. Тиймээс тэр бүхэнд ач холбогдол битгий өг. Та аль нэгээс нь зуурах санаатай байх л даа. Учир нь танд сүнсний хувьд хоосорчих гээд байгаа юм шиг санагдаад байгаа. Та хоосон үлдэхгүй таны амь бол үнэн, таны амь бол зам мөн. Таны одоо цагт оршиж байгаа тань бодит. Харин таны бие цогцос, таны өнгөрсөн болон ирээдүй цаг тань хоосон. Аль нь бодитой аль нь хоосныг анзаарч ялгаарай.
      Та хүүхэд байсан идэр насныг туулсан, одоо хөгширнө, эцэст нь биеэ орхино. Тухайн үеийн мэдрэмжүүд бас л тусдаа өөр өөр. Таны амьдралдаа хийсэн буян гэдэг нь таны юм биш, харин тухайн үеийн оршихуйн тохироо бүрдсэн л хэрэг. Таны хийсэн гээд байгаа нүгэл ч мөн адил тухайн үеийн оршихуйн тохироо бүрдэлт юм. Та юунд оршихуйтай дурсамжаа булаалдана вэ. Хоосныг орхи цаашаа.
     Одоо цаг бодит зүйл. Би Монгол газар нутагт байна. Би Монгол хүн болж төрсөн юм. Би орчлонгийн их хаадын сүнс цөөхүүлээ ирж төрдөг ариун дагшин Монголд төрсөн. Би хавар болхоор цагаан идээ дэлгэрэх нь гэж баясдаг. Намар болхоор мал таргаллаа гэж баясдаг. Би хүүхэд байхдаа зун их махсаад аавыгаа хонь муулахад баясдаг байсан. Ах нар ангийн олзтой ирэхэд бараг л саторид ордог байсан. Энэ бол миний оршихуйн тохироо. Гадны хүний нүдээр харвал энэ бүхэн аймшигтай бөгөөд зэвүүн нүгэлд тооцох биз. Хэрэв би Хятад юмуу Ветнам зэрэг тариачин ард түмний дунд төрсөн бол байцаа, эрдэнэшиш боловсрох үед баярлах байх л даа. Монгол хүн өөрсдийгөө тэдний оронд тавьж үзвээс санаанд үл багтана. Иймээс орчлонгийн аль хэсэгт оршихуй ямар тохироо хийсэн бэ гэдгийг анзаарч, түүнийг нь хүндэтгэж сураарай.
       Оршихуйн тохироог үл хүндэтгэгч нэгний үгэнд орон байцааны булан хэмлэн суугаа элэг нэгт ахан дүүсээ хараад өр өвдөх шиг л болдог. Хоол шингээхгүй өвчин туссан бол ч яая гэх вэ. Гэтэл идэр залуучууд гэгээрэх нэрээр биеээ хорлон сууна. Ийм байдал монголд сэтгэцийн халдварт өвчний хэмжээнд хүрч байна. Угаасаа ингэж туйлширдаг сэтгэцийн эмгэг дэлхий даяар их тархаж байгаа. Жишээ нь модель шиг галбирлаг сайхан болох сэтгэхүй нь дэндээд яс арьс болтлоо тураад хоол идэхгүй байсаар уургийн дутагдлаар мөнх бусыг үзүүлэх охид олширчээ.
     Ирээдүйд Гимлай уул ийм даяанч гэх сэтгэцийн өвчтөнгүүдээр дүүрч тэднийг эмнэлэгт авчирч эмчлэх компанит ажил өрнөх тухай их багш Ошо хэлж байжээ. Гэхдээ бүгдээрээ тийм гэж туйлширмааргүй байна. Оршихуйн тохироог хүлээн зөвшөөрөхөд суралцан, зөв замаар явагчид Гимлайд олон.
          Одоогоор дэлхийд Гимлайгаас ирсэн гэх агуу их сэтгэцийн өвчтөнгүүд болох нэг бус хүн гэгээнтэн цолыг зүүн нийгмийг хордуулсаар байна. Тэдний өөрсдөөс нь өөр энэ хорвоог харж үзэх бурхангүй болчихсон мэт хайраар халхавчилсан дөвчигнөлийг харахад оюун санааны эрх чөлөөнд террор хийгч, оршихуйн тохироог тас эсэргүүцэгчид мэт л харагддагийг нуух юун. Гэхдээ яах вэ бурхад ийм жүжиг найруулсныг эсэргүүцэлтэй нь биш дээ.
     Оршихуйн эд эс нэг бүрт хамаг бурхад бүрэн бүрэлдхүүнээрээ уусан нэгдэж амьдарч байдгийг мэдвээс зохилтой. Тэднийг амьдрал хэмээх жүжгийн эрхэмсэг найруулагч нар хэмээн харж, тэдний жүжигт айдас үгүйгээр тоглоод дуусвал оршихуйг бүхлээр нь эзэмших гран при шагналыг тэднээс хүлээн авах болно. Өөрт оногдсон цаг цагийн үйлийг айлтгүй 100% биелүүлбээс амьдралын гоо сайхан цацарна.
      Айдас гэдэг бол эрх чөлөөний зам дээр ургасан халгай юм. Энэ айдас бол шийтгэл хүлээхээс айх айдас юм. Сайн эрд ямар ч хууль үйлчлэхгүйг сана. Сайн даяанч сайн эр болдог. Сайн эрд өөрийн гэсэн эрх чөлөө бий. Хэрэв ямар нэг шийтгэл ирэх аваас оршихуйд өөрт нь тохож сур. Өөртөө хумсын чинээ ч гэм нүглийг битгий хүлээ. Хэрэв өөрийгөө ямар нэг гэмтэй гэх адын бодол төрөөд байвал зуун хувь өөрийгөө уучилж сур.
       Яваандаа зовлонд орсон нэгнийг аврах үед түүнийг хамаг бурхадын өмнөөс уучилж чаддаг болоход чинь уучлалын ид шид тус болно. Зовлонт түүний сансарын хүрдний бүх амьдралынх нь гэмийг ч уучилж чаддаг болно. Өөрийгөө уучилж чадаагүй хүнд хэн ч итгэх билээ дээ. Үүнийг эс ойлговоос зальт нэгэн нь айдас дээр чинь дөрөөлж чамайг ногтолж авах болно.
Хамгийн тохиромжтой даяаны орон бол таны гал тогоо юм. Хамгийн тохиромжтой даяаны ахуй бол таны ажлын өрөө юм. Хамгийн тохиромжтой даяаны нөхцөл бол таны унтлагын өрөө юм.
      Ерөөс эрх чөлөөг хаанаас ч олж болно. Тэр эрх чөлөө бол ногоон дарь ээжийн тамаас ч олж чаддаг байсан оюун санааны эрх чөлөө.

2 comments: