Friday, May 2, 2014

Авандуди судлын ашиглалт

Бид байгаль эх, оршихуйн хүүхдүүд. Эх нь бөөр алаг бол хүү нь шийр алаг. Оршихуй ээж таван махбодиос бүрдсэн бол бидний бие ч таван махбодийн хүрднээс бүтнэ. Тархи усыг билэгдэнэ. Элэг цөс модыг билэгдэнэ. Зүрх галыг билэгдэнэ. Хоолой шороог билэгдэнэ. Хамар төмрийг билэгдэнэ. Эдгээр таван хүрдийг нэгтгэн холбохоор биеийн голоор Авандуди судал явна. Авандудийн энэ судлаар бидний амьдралын амт шимт урсана. Энэ судлаар хайр урсвал дээш огшин, нулимс унагана. Айдас урсвал Авандудиг зурсаар толгойн орой хүртэл өгсөнө. Уур хилэн урсвал маш сурамгайгаар цоройн оройн хүрдийг хүртэл эзэлнэ. Шунал тачаал урсвал торох зүйлгүй гүйж хамаг биеийг чичрүүлнэ. Ийм урсгалуудад хүчээр хяналт тогтооход бэрхшээлтэй. Учир нь зам угаасаа тавигдсан байдаг тэр замаар галт тэрэг нэгэнт хөдлөсөн. Мэдрэмжийн галт тэрэгний эцсийн зогсоол толгойн орой юм. Тиймд даяанч нарын хийдэг зүйл нь янз бүрийн мэдрэмжийн эхний гараа болон эцсийн зогсоолыг ажиглах. Үүнээс өөр зөв үйдэл байхгүй. Ажиглаж чадвал тэр их дотоод эрч хүчийг оршихуйн сайн сайхны төлөө ашиглах бололцоотой болно.
Биднийг зүүдэн биеээр шөнө болгон аялал хийхэд Авандуди л санаа тавин физик бие нарийн бие хоёрыг холбон нарийн мөнгөлөг утас болон сунаж хөвөрч дагалддаг. Гэнэт сэрэх дохиог физик биеээсээ авмагц мөнгөн утас биднийг хаана ч аялж байсан ховх татан авчирч сэрээдэг. Энэ үед бидэнд өндрөөс унах мэдрэмж төрсөөр сэрнэ.
Физик бие нь үхэж нарийн биедээ шилжсэн амьтад ч Авандудигаа нарийн биедээ цогцлоосон хэвээр л байдаг. Хамаг амьтанд тусыг бүтээж буй даяанч хий биет амьтдыг хүчээр төвшитгөе хэмээвээс хий биетнүүдийн Авандуди нь л баттай барьц болно. Жишээ нь бурханы орон бол цэцгэс бадамласан орон байдаг. Зовлонт хий биетийг тэр цэцгэсийн дэлбээн дундаас төрүүлснээр мөнхийн улсад илгээх арга нь болдог. Тэр үед тухайн зовогчийн Авандудиг бурханы орны цэцгийн цоморлигтой холбосон байхад зовогч бээр алт мөнгө, уул ус, амраг нөхөр алив бүгдээсээ зуурсан ч хүчтэй татах Авандудийн таталтыг тэсч чадахгүй хормын зуур мөнхийн улсын иргэн болон одно.
Мөн Авандуди нь амьтдын дэлхийд морилох ариун зам болдог. Эцгийн зулайгаар гадны сүнс орж Авандудигаар уруудан явсаар Муладхара хэмээх үржлийн эрхтний хүрдээр дайрч эхийн хэвлийд орж эр эс, өндгөн эс хоёр нийлбэл тэндээ үлддэг. Тэгээд хэсэг хугацааны дараа боловсорч гүйцээд энэ хорвоод шинэ амьд бодьгал мэндлэнэ.
Харин энэ хорвоогийн зовлон эцэслэж нирваан дүрийг олбол Авандуди маань оршихуй хир өргөн бэ? тэр хэмжээгээр өргөсөж таныг оршихуй, ертөнцийн эзэн болгоно.
Хамаг амьтан үтэр түргэн ертөнцийн эзэн болох болтугай.

No comments:

Post a Comment