Гусали жодын иог нь нууц тарнийн
бясалгал иог дотроос энэрэл нигүүслийг дээд зэргээр илэрхийлдэг асар хүчтэй иог
болно. Энэ иогийг үе үеийн гуру багш нар өөр өөрийнхөөрөө зохиосон нь өнөө үеийг хүртэл
уламжлагдан иржээ.
Энэ иогт ямар нэг шүтээн, тахил шаардагдахгүй.
Харин маш хүчтэй ургуулан бодох аргаар өөрийн биеийг бусдад тахил болгон өргөх
бясалгал болно.
Бясалгал эхлэх үед хамаг амьтныг
энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс гусали иогийг хийж байгаагаа ухамсарласан
байна. Орчлонгийн хоосон чанарын тухай сайтар эргэцүүлж, ийм хоосон зүйлийн
төлөө улайрч тэмцэн, түүнээсээ зовж буй амьтан бүхэнд үнэний номоор туслаж,
аваръя хэмээн хэсэг зуур бясалгана.
Зүрхний хүрдэн дээрээ өөрийн амин
мөн чанараа Важраварахи /Доржпагма/ бурханы дүрд хувилган төсөөлнө. Важраварахи
дүрд орсон сүнсээ гол судал /Авандуди/ дагуулан ПАД хэмээн тэсрэлттэй хэлж дээш
хөөргөж гаргаад биеээ хөсөр үлдээлээ хэмээн сайтар төсөөлнө.

Биеээ орхин дээш цойлсон бурханы
зүрхнээс дэгүг барьсан дагина гарч ирэн одоо, ирээдүй, өнгөрсөн гурван цагийг
билэгдсэн гурван гавлын ясаар тулга хийнэ. Дараа нь дэгүгээр өөрийн тань биеийн
толгойн орой хэсгийг магнай хавиар зүсэж аваад бэлдсэн гавал тулга дээрээ дээш
харуулан тогоо маягаар тавина. Энэ тогоог тодва гэдэг. Тодвын дотор А үсэг
тодвын дээхнэ ХА үсэг байрлаж байна. Одоо тодва руу үлдсэн биеийг бүхлээр нь
зүүн гараараа шидэж хийнэ.
Ингээд асар том Важраварахи бурхан
дүрд хувилсан та өөрөө УМ А ХУМ тарнийг ихээр уншиж гавал тулгын дундаас үнэний
галаар тодвыг халаахад доторхи бие тань А үсэгтэй нийлж хайлна. Дараа нь тодвын
халуун ууранд ХА үсэг хайлж доош унан хайлмагтай нийлнэ.
Ингээд бэлэн болсон тодватай биеийн
рашаанаа Сандуй, Дэмчиг, Жидар, Дүйнхор тэргүүтэй яв юм нийлсэн бурхадад
өргөхөд тэд баясан толгой, хоолой, зүрх тэргүүтнээсээ гэрлэн адислал тодва руу
шингээн хэзээ ч дуусашгүй шидийг биеийн рашаан руу шингээнэ. 



Одоо нэгэнт дуусашгүй шидэт
рашаантай болсон тул бусад бурхад, ханд, дагинас, багш нарт рашаанаа өргөл
болгон өгнө. Дараа нь дөрвөн махранз, номын сахиус, догшидод рашаанаа нэг
бүрчлэн өргөн. Дараа нь тэнгэр төрөлтнүүдэд, дараа нь усны лусуудад, дараа нь
хүн төрөлтнүүдэд, дараа нь адгуусан төрөлтнүүдэд, дараа нь бирд төрөлтнүүдэд,
дараа нь тамын амьтдад авч чадах чинээгээр нь харамгүй өргөнө. Тэгээд сүүлд нь
чөтгөр шулам, тотгорлогч хий биеүүдэд хүсэл шуналыг нь ханатал өргөнө. Ийнхүү
ариун үнэнийг шингээсэн өөрийн биеийг хамаг амьтанд өргөснөөр тэд бүгдээр
дотроосоо гэрэл цацруулан амирлана.
Биеийн өргөлөө хамаг
амьтанд өргөсний дараа биеээ шинээр мэдэрч, толгойн оройгоор төв судлаа даган
Важраварахи бурханы дүрээр бууж ирж зүрхэндээ шингэнэ.
No comments:
Post a Comment