Sunday, May 4, 2014

Ажлын байр

Хүн төрөлхтөн оршихуйн бэлэг болон өглөгийг хүртэж оршин тогтнодог. Бүхнийг өөрсдөө зохицуулдаг юм шиг дүр эсгэж, нэрэлхэх хэрэггүй. Угаасаа ийм л жамтай. Ургамал ногоо, адгуус амьтад бидэнд амь биеээ өргөл болгодог. Бид ямар нэг зүйл идэхдээ тэрхүү хүнсийг хийхэд оролцсон бүх л амьтдын сүнсийг бурханы оронд төрөх болтугай хэмээн ерөөж байх нь зүйтэй юм.
Амьтад хоорондоо харилцан шүтэлцээтэй амьдардаг. Бирдийн төрөлтнүүдийг амьдруулхын тулд тамын амьтад байх хэрэгтэй. Тодруулбал ургамал ногоог ургуулахын тулд бичил биетэн, эс, бактер, вирусууд байх хэрэгтэй. Харин адгуусан амьтдад тэрхүү ургамал ногоо нь байх хэрэгтэй гэх мэт.
Хүн төрөлхтөн өөрөөсөө доошхи бүх амьтдыг хүнсэндээ хэрэглэдэг. Бичил биетэн, үр, шавьж оролцсон хүнс хэрэглэдэг хүн бол тамын амьтдаар хооллогч болж байна. Харин ургамал ногоо хэрэглэж буй хүн бол бирдийн төрлийн амьтдаар хооллогч болж байна.
Ерөнхийдөө үйлийн үрийн ахуйд амьдрагч хүний хувьд ямар ч хүнстэн байсан хүнснээсээ болж хураах үйлийн үр нь бараг ялгаагүй юм. Харин ч нэг үхрийн амь таслах, нэг эрдэнэшишийн амь таслах хоёрын хувьд эрдэнэшишийн амь таслах нь илүү гэм нүгэлтэй. Учир нь амдралын төлөөх тэмцлийн хувьд адгууснаас илүү бирдүүд хамаг хүчээ дайчилдаг. Тийм их тэмцлийг гэнэт зогсоолоо гээд төсөөлдөө. Тиймд мөн чанарын үүднээс харахад хүн төрөлхтөнд тэр нь илүү гэгээлэг хүнс энэ нь сөрөг хүнс гэсэн ойлголт байх учиргүй юм.
Хамаг амьтдын хүнсний гинжин хэлхээний хамгийн анхдагч нь бичил биетэн буюу тамын амьтад юм. Там гэхээр нэг өөр ертөнц маягаар хүлээж авах хэрэггүй. Бүх амьтдын ертөнц нэг л хэмжээст байдгийг ойлгоорой. Адгуусан амьтан, хүн төрөлхтөн хоёр л цуг байгаад бусад төрөлтнүүд тусдаа өөр ертөнцөд байдаг гэх санаа хамгийн алдаатай үзэл юм шүү. Бүх амьдралын төрлүүд хамтдаа байдаг. Энэ оршихуйн нэг чухал үнэн бол хамаг амьтдыг биеийн хэмжээ, үзэгддэг үзэгддэггүй, амьдрах ахуй, наслах хугацаагаар нь л зургаа хуваасан юм. Там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр гэж хуваасан.
Зургаан зүйл амьтдаас хэн нь ч тамын ахуйд орж бусдынхаа хүнс тэжээл бэлтгэхэд амиа өргөхийг боддоггүй. Харин ч тамаас зугтааж дээшээ бүр дээшээ гэдэг уриагаар амьдардаг. Тэгхээр бурхад л тамд ажилладаг. Там гэсэн ойлголт дорнын орнуудад нэг хэсэг бичил амьтдын амьдрах ахуй гэж ойлгогддог бол өрнө дахинд аймшигтай шийтгэлийн гяндан маягын зүйл гэж үздэг. Мөн чанараа олсон хүнд там диваажин хоёрт ялгаа байхгүй гэдгийг өнөө үед дэлхий дахин мэддэг болж байгаа нь таашаалтай юм.
Бид нэгэн цагт бурхадын эгнээнд амьдардаг байсан. Бидний ажлын байр тамын ахуй байсан. Нэг удаа би хамаг амьтны сайн сайхны төлөө зүрхээ тэрбум тэрбумаар нь хувааж тамд шунган орсон билээ. Тэр жилүүдэд ургац сайхан ургаж, айраг дарс эсэж, хүмүүс хайрын дуу аялаж, ертөнц гэрэл гэгээгээр дүүрч байсан юм. Тэндээс нэг амь нь үйлийн үрийн ахуйд үлджээ. Тэр амь өгсөж явсаар одоо хүн төрөлтөн болжээ. Эцэст нь энэ амь хаанаас ирсэн тэр газартаа очих л болно. Энэ бол уншигч таны түүх юм.
Монголын хувьд өвөл их хүйтэн байдаг болхоор хавар бурхад тамд ажиллахаар асгаран ирээд намар ихэнхи нь нирваандаа буцаад орхыг харж болдог. Тамд ажиллахаар ирсэн бурханы тоолшгүй хуваагдсан амиудаас цөөн хэсэг нь л үйлийн үрийн замаар орж төрөл дамжин өгсдөг. Учир нь төрөл дээшлэх тусам орон тоо багасдаг. Тухайлбал зөвхөн нэг уулын хөндийд байх шоргоолжны тоо дэлхийн хүн амаас ч их байх тохиолдол бий.

No comments:

Post a Comment