Эгэл хүн нь хайрыг амталж, хайрыг магтан дуулж, хайрыг
хайж амьдардаг.
Бодьсадва нь хайран дотор амьдарч хайрыг зэвсэг, унаа
хөсөг болгон амьдардаг.
Бурхан нь хайр болон уусч алга болдог.
Аватара нь хайр эргээд бурхан болдог.
Эгэл хүн үйлийн үрийн хуулинд захирагдан
амьдардаг. Аз жаргалтай сайн яваа хүмүүсийг ажихад амьдралдаа амсах
мэдрэмжүүдээ өөрөө эртнээс зохион байгуулж ухаалаг хандсан нь илэрхий байдаг.
Ихэнхи хүн аз жаргалтай байх үндэсээ урд насандаа бэхжүүлсэн байдаг. Зарим нь
энэ насандаа элдвийг хийж амжилтанд хүрэнгүүтээ үйлийн үрдээ санаа тавьж эхлэх нь ч бий. Ер нь өөрийнхөө
ирээдүйн зам дээрээ аз жаргалын минаны талбай байгуулах нь үйлийн үрийн ахуйд
амьдрагчийн хамгийн зөв зам юм. Аз жаргалыг авчрах хөрөнгө үр нь буян бөгөөд буян
үйлдэхэд хувь хүнээс ихээхэн хүч чармайлт, төлөөсийг шаарддаг. Хөдөлмөрөө
хөнгөлөх арга зүй хэрэгтэй. Энгийн нэг буяныг өсгөн үржүүлэх, чанаржуулахад
хайр энэрлийг ашиглах. Энэ бол төсөөлшгүй ихээр буяныг өсгөх бөгөөд хөндлөнгөөс
хэн нэгэн тэрхүү буяныг нь багцаалах гэвэл нулимсаа барахын л нэмэр болно. Өөр
нэг автоматаар буяныг үржүүлэх арга нь сүм хийдийн хүрээлэлд багтан олуулаа
буяныг хураах арга байдаг. Энэ үед бясалгал тарни, магтаал унших өөрийн буяныг
бурхадын буянтай нийлүүлж дундын буяны далай үүсгэх гэх мэтээр ирээдүйн
аюулгүйн баталгаагаа олж авна. Энэ бүхэнд тодорхой цаг хугацаа, орон зайд болж
өнгөрөх бурханлаг хайрын амталгаа явагдана. Эхэндээ зовлонгоос зайлсхийх буяны
зоригдол яваандаа гайхамшигтай өөр үр дүнд хүргэж, энэрэн нигүүлсхүйн хайр
ханхалж эхлэнэ. Ингээд жинхэнэ хайрын мэдрэмжийг хайгч, магтан дуулагчдын арми
үүсч хүрээгээ тэлдэг. Энэ бол үйлийн үрийн ахуйд зөв боловсон амьдрах хууль
болдог бөгөөд ийм суурин дээр бодьсадвын явдалд орхуйн үндэс бүрэлддэг.
Бодьсадвад үйлийн үр огт хамааралгүй
болох бөгөөд сансарагийн хөрөнгө үр болох буян эсвэл нүгэлд ач холбогдол
өгөлгүй зүгээр л үйлдэгч болдог. Хамгийн чухал амсах мэдрэмж нь оюун санааны эрх чөлөө юм.
Бодьсадва энэ эрх чөлөөг өөрөө өөртөө олгодог. Бодьсадвын номлолын эхэнд бусдын
төлөө чи өөрөө бамбар бол. Зөвхөн өөртөө итгэ. Өөр бусдад битгий найдаж бай
гэсэн сургаал бий. Гэхдээ эрх чөлөөнөөс нь хуваалцахыг хүссэн хэнтэй ч
нөхөрлөхөд бэлэн явдаг. Бодьсадвагийн байгаа газар өөрөө бурханы орон болдог
тул тэр эрх чөлөөний жинхэнэ ардчилсан улсаа зүрхэндээ авч явдаг. Тиймээс
бодьсадвад там эсвэл диваажин гэх ойлголт байхгүй. Түүний хоноглох газар түүний
ариун улс ч буудаллана. Бодьсадва нь нирваан хутагт уусах үедээ мөнөөх л
зүрхнийхээ ариун улсад орж уусана. Гэтэл тэр улс нь агуу том байх аж. Түүний
ариун улс бол илүү ч үгүй, дутуу ч үгүй бүхэл оршихуй байдаг аа. Энд бодьсадва
бурханы дүрийг олно. Хэрэв та зүрхээ анирлаваас өөрийн тань дотор тэдний
байгааг мэдрэх л болно.
Бурханы агуу оршихуйн энтэй амьдрал
Аватара бодьгалиар илэрнэ. Аватара гэдэг үгийн утгыг ямар нэг зүйлд бүрэн
зориулсан амьдрал буюу шижир тунамал амь
хэмээн тайлбарлаж болох юм. Тухайлбал Шантидева гэгээний
"Бодичаръяаватара" гэх туурвил нь бодьсадвын амьдралд бүрэн уусах
тухай онол сургаал болно. Бодь хутгийн аватара байдал хүний үйлийн үрд цохилт
болж, хүний биеийг таван махбодийн хувьд задлах нөхцөл болж өгдөг. Шавь хүн
үхэх үед бүрэн зориулалтын программ /бодьчаръяаватара/ ажиллаж үйлийн үрийн бяцхан
бөөгнөрөл болох сүнсийг задлан амирлуулж, таван махбодод тус тусад нь бүрэн
уусгаж таван өөр аватара болгож өгнө. Тухайн хүн оршихуйг бүтээх таван тулгуурт
нэгдлээ гэж ойлгож болно. Үүнийг бурханы шашинд үтэр тонилхуй гэдэг. Аватара
болох нь галлактикуудын холбооны ерөнхийлөгч болохтой ижил үйл явдал боловч
өчүүхэн атом молекулын төвшний амьдралд ч оролцох өргөн хүртээлтэй замнал юм.